2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилсний нэг нь "Гэр бүлийн тухай" хуулийн шинэчилсэн найруулга байлаа. Энэхүү хуулиар гэр бүлийн харилцааг зохицуулж, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог бэхжүүлжээ. Тухайлбал, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг гэр бүлийн харилцааны үндсэн зарчим болгож, хүүхэдтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхдээ уг зарчмыг нэн тэргүүнд баримтална. Гэр бүлийг хүчирхийллээс ангид байлгах, төрөөс хүүхэд болон эмзэг бүлгийн гишүүдийг тэргүүн ээлжид хамгаалах зарчмыг хуульчилжээ. 

Мөн гэр бүлээс гадуурх харилцааны эрх зүйн үр дагавар болон хамтын амьдралтай холбоотой эд хөрөнгийн харилцааг мөн зохицуулсан байна. Гэрлэлтийн гэрээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, нөхөн үржихүйн туслах аргаар хүүхэдтэй болохтой холбоотой харилцааг хуульчилжээ. Эцэг, эхийн эрх, үүрэг, хариуцлагын зохицуулалтыг нарийвчилж хүүхдийн өмчийн эрхийг хамгаалах тогтолцоог бий болгож байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоох нэгдсэн аргачлалыг бий болгон, тэжээн тэтгэх харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгон, тэтгэлэг төлөхөөс зайлсхийгчдийн хариуцлагыг нэмэгдүүлсэн байна.

Эл хууль нь  2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Тэгвэл тус хуулийн ОНЦЛОХ заалтуудыг танилцуулж байна.

  • Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг, уулзалтын хуваарь болон бусад асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг тэргүүлэх зарчим болгоно.
  • Хосууд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй ч олон жил хамтран амьдарч, дундаасаа үр хүүхэдтэй болсон бол эд хөрөнгийн харилцааг зохицуулна.
  • Хүүхэд үрчлүүлэх асуудлыг зөвхөн шүүхээр шийдвэрлэнэ.
  • Гэрлэлтийн гэрээг нарийвчлан зохицуулна. Гэрлэлтийн гэрээг гэрлэхээс өмнө болон гэрлэсний дараа байгуулж болно. Гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлнэ. Үл хөдлөх хөрөнгийн эрхтэй холбоотой тохиролцоог улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэлээр бүртгүүлнэ.
  • Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
  • Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд долоо, түүнээс дээш настай бол түүний саналыг харгалзана.
  • Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлнэ.
  • Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдээ анхаарахгүй бол хүүхдийн өмнөөс гуравдагч этгээд нэхэмжлэл гаргаж, хүүхдийн эд хөрөнгийг хамгаална.
  • Хүүхдийн тэтгэлгийг шинэ аргачлалаар тогтооно. Тэтгэлгийн хэмжээ хүүхдийн оршин суугаа бүсийн амьжиргааны доод түвшнээс багагүй байна.
  • Сургуульд суралцаж байгаа 18-21 насны хүүхдийг тэжээн тэтгэнэ.
  • Гэрлэлтээ цуцалж, хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй бол банкны мэдээллийн санд зээлийн мэдээллийн санд оруулж, зээлж авах эрхийг нь хязгаарлана.
  • Гэр бүлийн маргааныг ердийн иргэний хэрэгтэй ижил журмаар бус, хүүхэд болон гэр бүлийн онцлогт тохирсон бие даасан процессын хуулиар шийдвэрлэнэ. Гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч оролцож, шаардлагатай үнэлгээ, судалгаа хийнэ.

Дээрх онцлох заалтуудын үзэл санааг дэлгэрүүлбэл,

  • Хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах эрх: Хүүхдийн асрамжийг хэрэгжүүлэхээр тогтоогдсон эцэг, эсхүл эхэд хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах эрхийг хуульчилсан. Энэхүү эрхэд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд гадаад улсад зорчих, шашин шүтэх, эс шүтэх, авьяас чадварыг хөгжүүлэх, хүүхдийн хуваарьт хөрөнгийг хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиран зарцуулах зэрэг асуудал хамаарна.
  • Эцэг, эхийн эрх, үүрэг, хариуцлагыг шинэчлэн тодорхойлж, гэрлэлтээ бүртгүүлсэн эсэх, хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран хүүхдийн өмнө харилцан тэгш эрх эдэлж, хамтын үүрэг, хариуцлага хүлээхээр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгалаа.
  • Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, эрх, үүргийг тодорхой болгов. Хүүхдийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн ашиг сонирхол зөрчилдсөн нөхцөлд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий төлөөлөгч томилох зохицуулалтыг шинээр хуульчилсан.
  • Хүүхдийн хуваарьт хөрөнгийг хамгаалах тогтолцоо бүрдэв. Хуваарьт хөрөнгийг тодорхойлж, өв залгамжлал, бэлэглэл, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, нөхөн төлбөр, оюуны өмчийн үр шим, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон хуульд заасан бусад үндэслэлээр хүүхдийн өмчлөлд шилжсэн хөрөнгө, хөрөнгийн эрхийг хамааруулна. Хүүхэд 14 насанд хүрснээс хойш өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Мөн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч өөрчлөгдсөн нь хүүхдийн өмчлөх эрхэд нөлөөлөхгүй болно.
  • Хүүхэд төрөл, садантайгаа харилцах эрхтэй болохыг хуульчилж, гэр бүлийн өөрчлөлтөөс үл хамааран төрөл, садантайгаа тогтоосон харилцаа, гэр бүлийн орчин, хүмүүжил, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хамгаалах эрх зүйн баталгааг бүрдүүллээ.
  • Эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээхтэй холбоотой зохицуулалтыг хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зарчимд тулгуурлан шинэчилсэн.
  • Хүүхдийн тэтгэлэг тогтоох нэгдсэн аргачлалыг тогтоохдоо хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг харгалзана. Уг аргачлалд тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлага, хүүхдийн нас, тоо, хүүхэдтэй уулзах хуваарь зэргийг тусган хуульчиллаа. Эцэг, эх хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос татгалзах эрхгүй, тэтгэлгийн хэмжээ амьжиргааны доод түвшнээс багагүй байх, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй бол сонирхогч тал шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг тусгалаа.
  • Асран хамгаалах, харгалзан дэмжих тогтолцоог хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд тулгуурлан шинэчилж, асран хамгаалалт, харгалзан дэмжлэг шаардлагатай хүнийг нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн тогтоох, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох зохицуулалтыг боловсронгуй болголоо. Хүүхэд хамгааллын бодлоготой уялдуулан асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлагатай хүүхдийг асрамж, халамжийн байгууллагад шилжүүлэхээс өмнө асралт гэр бүлд асруулахыг тэргүүн ээлжийн арга хэмжээ болгон хуульчилж, хүүхэд гэр бүлийн орчинд өсөж хүмүүжих эрхийг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэв. Үүнээс гадна асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гэрээ, тайлагнал, үйл ажиллагаанд тавих хяналт, хөрөнгө хамгаалах, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, асран хамгаалах, харгалзан дэмжих харилцааг дуусгавар болгох үндэслэл, журмыг илүү тодорхой болгож, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэв.
  • Гэр бүлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлж, хэлэлцэн баталсан хуулиудаас онцолбол, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталснаар хүүхэд хамгааллын үйлчилгээний хамрах хүрээ өргөжиж, чанар, хүртээмжид эерэг өөрчлөлт авчрах нөхцөл бүрдлээ. Түүнчлэн Асралт гэр бүлийн үйлчилгээнд хамрагдах хүүхдийн хүрээг тодорхой болгож, дэмжлэг шаардлагатай хүүхдүүдийг хамруулах эрх зүйн үндэс бий болжээ.