Төрийн өмчит 25 байгууллагыг цомхотгож, 30 тэрбум төгрөг хэмнэнэ
49 минутын өмнө

Засгийн газар төрийн өмчит үйлдвэрийн газруудын бүтцийг шинэчилж, 25 байгууллагыг нэгтгэх, татан буулгах шийдвэр гаргалаа. Ингэснээр 108–324 орон тоог оновчилж, цалин болон бусад урсгал зардлаас жилд 30 тэрбум төгрөг хэмнэхээр тооцоолж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 9-нд болж, төрийн өмчит үйлдвэрийн газруудын бүтэц, үйл ажиллагааг оновчлох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ерөнхий сайд Н.Учралын мэдээлснээр төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 орчим хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвийн санхүүжилтээс гаргах арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд зарим байгууллагыг төрийн өмчит компани болон нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн байгуулах бол заримыг нь татан буулгана.
2025 оны байдлаар дээрх 25 байгууллага нийт 2,162 ажилтантай, жилийн 73.2 тэрбум төгрөгийн цалингийн сантай ажиллажээ. Удирдлага, захиргаа, үйлчилгээний давхардсан чиг үүргийг нэгтгэж, байр ашиглалт, тээвэр, бичиг хэрэг, худалдан авалт, мэдээллийн технологийн зэрэг үйлчилгээг төвлөрүүлэх замаар зардлыг бууруулах юм.
Нийтдээ 2025 оны байдлаар Монгол Улсад 65 төрийн өмчит үйлдвэрийн газар 7,030 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 26 нь үйл ажиллагааныхаа орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлдэг бол 39 байгууллага улсын төсвөөс нийт 153.1 тэрбум төгрөгийн татаас авчээ.






