Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
44 минутын өмнө

Уул нь: 27 онд МАН-аас Ерөнхийлөгчид дэвшчих гэсэн хүсэл зоригтой 10 гаруй хүн дуулдах. Тэднээсээ дөрөв нь тунчиг идэвхтэй, өрсөлдөөнтэй байгаа. Судалгаа тэднийг нэрлэж, хэвлэл сошиал онцлоод байгаа нь тохиолдлын явдал бус. Тэд болбоос УИХ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд байсан Б.Жавхлан, Ерөнхий сайд байсан Г.Занданшатар, Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр нарын үе чацуу, нас ойр кандидатууд. Эд нар дээр нэмэгдээд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр басхүү горьдоостой, үе үехэн гагц хоёр түлхээс сэвээд л...
Б.ЖАВХЛАНГ БУУЛГАЖ АВСАН С.БЯМБАЦОГТ: НАМАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООР ЧИ УИХ-ЫН ДАРГА БОЛ ГЭЖЭЭ...
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгууль сонирхсон кандидатууд дунд гагц гайгүйдуу нь Сангийн сайд байсан, эдүгээ Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан гэх. Гэвчиг: Б.Жавхлан энэхүү сонгуулийн сунгаануудад цаашаагаа явахгүй болж. Уул нь багахан тэссээд ажилласан сан бол удирдлагын дэмжлэг, намын дэмжлэг, ард нийтийн дэмжлэг гээд дэмжүүлж тэтгүүлээд болох л байж. Жанцан нь: Монголын зүүгээр нутагтай, баруунаас угшилтай түүний ар тал сайн. Нарийсгавал: Б.Жавхланг нэлээн дээхнээс тээр дээрээс түшиж тулаад эхэлж. Нэмээд нам намаас л дэмжиж байж. Өөрөө ч эдийн засаг санхүүгийн хүн тул эдүгээ цаг үед яахын аргагүй хэрэгтэй кандидат. Гэтэл нь: Ердөө саяхны гагц хоёр хоногийн өмнөтэй С.Бямбацогттой уулзаж ярьж байгаад тохироонд хүрч. Тэр бууж өгч. Нугарамхай гэж. Тэр нь юу гэсэн үг гэхлээр: Б.Жавхлан Ерөнхийлөгчийн сонгуулийн сонирхлоо татаж, С.Бямбацогтыг дэмжихээр болж. Өөртөө байсан хамаг дэмжлэгээ С.Бямбацогт руу шилжүүлж. Тэгээд түүнийг Ерөнхийлөгч болохоор УИХ-ын дарга болохоор тохирч. Таануус мэднэ дээ, Мандухай хатан: Батмөнхийг хаан суулгаад би хатан нь болно гээд уулан дээр уйлдаг хэсэг “Мандухай цэцэн хатан” кинонд гардгийг. Тэр жишиг болж. Уул нь Б.Жавхлан Ерөнхийлөгчид явсан бол...
Г.ЗАНДАНШАТАР МАН-ДАА ЖИЙГДЭЖ, АН-ЫНХНААС ДЭМЖЛЭГ АВЧЭЭ...
Г.Занданшатарт нэг сайн чанар байх. Гандан буурахгүй. Хэн намайг юу гэнэ, тэр надад хамаагүй гэдэг чанар. Бавуугийн Лхагвасүрэн гуайн: Надад юу ч наалдахгүй хэмээсэн шиг. Уул нь тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд, пиардаад гүйгээд удав. Чадах болгоноо харуулж, үзүүлж болох бүгдийг үзүүлэх. Гээд амжилт маруу. Ард нийтийн тархи руу нэвтэрч барахгүй л байх шиг. Хамаг хайран цаг, мөнгөө тэгэн үрээд байтал намынхан нь новширч. Солонгос хоолны панчаан шиг баахан гүйлгэж байгаад ард нь С.Бямбацогт, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нар Ерөнхийлөгчид үзэж магад гэх хүслээ хэлж. Бас л зэвүүн шүү, нэг үе, нэмээд улс төрд удаан хамт явчхаад. Жилийн турш бэлдсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн усалгааг нь ойртоод ирүүт нь зэрэг зэрэг гарч ирээд хатаачих гэж. МАН ийнхүү жийж. Энэнд мэдээжийн хэрэг Г.Занданшатар бухимдаж. Ерөнхийлөгчид дэвшүүлнэ гэж Ерөнхий сайдаас буулгачхаад ингэж байгаа бол ИЗНН-аас дэвшээд та нарыг унагана гэж айлгаж. Тэгээд ИЗНН-ын дарга Б.Батбаатартай хэд гурав болзож. Тэд яг юу тохирсныг хэн нэг хүн эдүгээ хэлж мэдээлсэнгүй. Гэлээ гэхдээ: нэг машид сонирхолтой юм ярих. Г.Занданшатар МАН-ынхандаа гадуурхагдсан ч АН-аас түүнийг тосож аваад дэмжиж байна гэх. Хэн дэмжив гэсэн нь нутаг нэгт, муу нэрт Х.Баттулгын нэр гарч ирэх. Байж болох л хувилбар. Жанцан нь: Ерөнхийлөгч хүн намчин байх алба үгүй. Тэрний оронд жалга довны үзэлтэй, нутагчин гэгдэх нь дээр…
Ж.ЭНХБАЯРЫГ МАН БОДЛОГООР ДЭМЖИХ Ч БҮЛЭГ ФРАКЦУУДЫН ДЭМЖЛЭГГҮЙ...
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаярын нэр 27 оны Ерөнхийлөгчийн сонгууль сонирхсон кандидатуудын нэгээр байгаад байгаа. С.Бямбацогт, Б.Жавхлан, Г.Занданшатар гурав нь зүсэн бүрийн байдлаар: Би 27 онд дэвших хүсэлтэй гэчхээд байтал гагц Ж.Энхбаяр таг. Гэлээ гэхдээ эдүгээгийн Ерөнхийлөгчийн дэргэдээс ирээдүйн Ерөнхийлөгчийн нэрс үсэрч байхад Ж.Энхбаярынх байхгүй бол утгагүй бөгөөд боломжгүй хэрэг. Сүүл үест Ерөнхийлөгч түүнийг дагууламтгай болоод ирсэн. Наадам, тэрнээс өмнөхөнтэйх төрийн үйл хэргүүдэд Г.Занданшатарыг бараа болгодог байснаа наадмаас хойш Ж.Энхбаярыг дагуулах болсон. Хэнтийн Цэнхэрмандалд Хар зүрх уулын тагт дээрх Хөх нуурын тахилгад, дараагаар нь ШХАБ руу явахдаа. Гээд Ж.Энхбаяр Ерөнхийлөгчөөс ойрын үест салсангүй. Нэмээд: Ж.Энхбаяр эдүгээгийн Ерөнхийлөгчтэй машид ойрын хувиар Л.Оюун-Эрдэнийг огцруулахад Ерөнхий сайд, Д.Амарбаясгаланг огцруулахад УИХ-ын дарга, басхүү МАН-ын дарга, Х.Нямбаатарыг огцруулахад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болох шанс байсан байх. Нэр нь гараад л, тэгээд таг. Энэнээс харах нь ээ: Ж.Энхбаяр Ерөнхийлөгч рүү явах гээд нөөгөөд байсан байх талтай. Энүүгээр нь үзэх нь ээ: МАН түүнийг бодлогоор дэмжих боломжтой. Гэвчиг: Түүнд МАН-ын олон фракцаас дэмжлэг тааруу гэх. Сонирхолтой бөгөөд зөрчилтэй дүр...
Ө.БАТБИЛЭГ
ӨДРИЙН СОНИН






