Дүүжин замын тээврийн төслийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг баталгаажуулах туршилт, шалгалтууд үргэлжилж байна. Төслийг ашиглалтад оруулахын өмнө Францын олон улсын инженерийн хяналт, баталгаажуулалтын байгууллага болох “Bureau Veritas” хөндлөнгийн техникийн аудит хийхээр ажиллаж байна.

Одоогоор туршилтын үеэр ган троссын хэвийн ажиллагаа, хөдөлгөөний хурд, тоормос болон удирдлагын системийн мэдрэгчүүдийн найдвартай байдлыг шалгаж байгаа аж. Мөн цахилгаан тасрах, хэт хурд авах, олон кабин зэрэг ажиллах, гэнэтийн зогсолт хийх зэрэг хэвийн бус нөхцөлийг зориудаар үүсгэн, хамгаалалтын болон удирдлагын системийн хариу үйлдлийг туршиж байна. Туршилтын эхний шатанд таван кабин суурилуулж, системийн ажиллагааг шалгах бол дараагийн шатанд нийт 96 кабинд тус бүр 750 кг жинтэй ус болон элс байршуулан механик ачааллын туршилт хийхээр төлөвлөжээ.

Төслийг улсын комисст хүлээлгэн өгөхөөс өмнө “Bureau Veritas” групп зураг төсөл батлагдсан шаардлага, норм, стандартад нийцэж байгаа эсэх, ашигласан материал болон гүйцэтгэлийн чанар, инженерийн системийн аюулгүй байдал, ашиглалтын үеийн болзошгүй эрсдэлийг үнэлж, хөндлөнгийн аудит хийх юм.

1828 онд байгуулагдсан “Bureau Veritas” нь зураг төсөл, барилгын хяналт, эрсдэлийн үнэлгээ, техникийн баталгаажуулалтын чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Төслийн ахлах инженер Г.Түвшинсанаагийн мэдээлснээр, хөндлөнгийн үнэлгээ дууссаны дараа улсын комисс ажиллаж, шаардлагатай шалгалтуудыг хийсний үндсэн дээр дүүжин замын хөдөлгөөнийг нээж, зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байна.

Тэрээр мөн цахилгаан хангамжийн талаар мэдээлэхдээ, дүүжин замын үндсэн хөдөлгүүр 567 кВт-ын хүчин чадалтай бөгөөд аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу хоёр өөр цэгээс цахилгаан тэжээл авах боломжтойг онцолжээ. Нэг талын тэжээл тасарсан тохиолдолд нөгөө эх үүсвэрээс цахилгаан авч хэвийн ажиллагааг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.

Харин нийтээр цахилгаан тасарсан онцгой нөхцөлд зорчигчдыг аюулгүй зогсоолд хүргэх зориулалттай 275 кВА-ын хүчин чадалтай нөөц генератор ажиллах юм. Уг генератор нь дүүжин замыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах бус, цахилгаан тасарсан үед кабин дахь зорчигчдыг аюулгүйгээр зогсоолд хүргэх зориулалттай аж.

Дүүжин замын төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд зээлийн хугацаа 40 жил, жилийн хүү 0.0076 хувь, үндсэн зээлийн төлөлтөөс чөлөөлөгдөх хугацаа 12 жил байхаар тусгажээ.