Төрийн эрхэнд сандайлсан түмний элч нар өөрсдийн нэрээ мартаад хөрөнгөөрөө овоглодог хөгийн "моод"-ыг дэлгэрүүлсэн. Тэдний дунд хуй салхи шиг "хурд"-тай нэгэн бий.
Энэ хүн бол эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн. Тэрбээр Баттогтохын хүү гэгдэхээсээ илүүтэйгээр "Хурд" компанийн "хурган" даргаараа алдартай.
 
 
Алдар хүндийн оргилд мөнгөгүй нэгэн мөлхөөд ч хүрэхгүйг тэрбээр харуулсан юм. Б.Чойжилсүрэн нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож буй. Гэхдээ өөрийн хүчээр биш өрөөл бусдад "мөнгө тараасан" гэдгээрээ цоллуулан байж зөөлөн сэнтийд тухалсан.
 
 
Хэдийгээр зөөлөн сэнтийд тухалсан ч зөөлөвч резин нь түүнийг нухаад болдоггүй ээ. Эрхэм түшээ их хуралд данслагдаад удаж буй ч хүний санаанд орох нэг ажлыг хийгээгүй. "Хэлгүй, дүлий" хүн шиг хэдэн жилийг ардаа үдсэн ч хувийн бизнес нь хуурсан тариа шиг арвижиж алдрын оргилд алхаад хүрчихсэн азтай эр.
 
 
Захирлаар занималдаж сурсан тэрбээр ажилчин ангийнхны амьдрал ямар байдгийг мэдэхгүй. Түүний намтар түүхээс цухас дурьдвал, 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын "СП-Каман" компанийн захирал, 1995-1999 онд "Хурд Ч" ХЭАА-н захирал, 1999-2006 онд "Хурд Хүнс" ХХК-ийн захирал гээд сэнтийгээс сэнтий рүү заларсан сэтэртэн.
 
 
Тоймгүй олон компанийнхаа дунд толгой нь эргэсэн тэрбээр өөрийн мэдлийн 10 гаруй компанитай гэх. Гэтэл түүнийг тойрон хүрээлэгчид 80 гаруй компанитай гэж хошигнодог юм билээ. Ямартай ч тэрбээр тоолж барамгүй олон компанийн "толгойлогч".
 
 
"Хурд" групп, "Хурд-Хүнс", "Хурд-Авто", "Хаус инвест", "Талын шонхор", "Сауд гоби коэл транс", "Сауд гоби блейк гоулд", "Апартмент Кей Эйч", "Хурд ложистик", "Хурд-Автомотив", "Хурд-Интернэшнл" зэрэг компанийн хувьцаа эзэмшигч аж.
 
 
Үүгээр ч үл барам "Рапит харш", "Апартмент кей эйч хотхон", "Хурд таур" гээд нэр бүхий орон сууцнууд түүний мэдлийнх гэдэг. Хүн баяжих тусмаа хөгийн болдог. Ганзагын наймаанаас гараагаа эхэлж байсан нөхдүүд өдгөө улстөрд утаа баагиулан сууж байна.
 
 
Гэхдээ ард түмний эрх ашгийн төлөө бус амин хувийн хөрөнгөө арвижуулах гэж зальт шар шиг шарваганаж буй. Б.Чойжилсүрэнгийн гэх "Хурд" компани хүчтэй бас давуу эрхтэй гэлцдэг. Хаана л мөнгө урсч байна тэнд цорго нь болоод зогсчихдог овжин компани.
 
 
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар эрхэм түшээ Чойжоо Тавантолгойн хувьцаа эзэмшигч гэх. Үүнийгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичдэггүй юм билээ. Гэхдээ хувьцаа эзэмшигчийн хувиа бодсон зангаар нүүрсийг нь урд хөрш рүү тээвэрлэгч компанитай.
 
 
Гэтэл нүүрс тээвэрлэдэг машинууд нь осол гаргаж мөн ч олон хүний аминд хүрсэн гэх юм билээ. Ганцхан жишгээр хэлэхэд, нүүрс тээвэрлэж явсан 76-45 УНЖ, 76-37 УНЖ улсын дугаартай машинууд 29-85 УНЧ дугаарын машинтай мөргөлдөж улмаар хоёр хүн хорвоог орхисон гашуун түүх бий.
 
 
"Хурд"-ынхан хуулиас дээгүүр жаалж хүний аминд хүрсээр байх уу
 
Хурд нь аливаа үйл хөдөлгөөний түргэний хэмийг хэлдэг. Олон янзын хурд бий. Дууны, гэрлийн гээд ангилдаг ч хүний үхлийг хурдаар хэмжиж болохгүйг эрхэм гишүүн Б.Чойжилсүрэнд дуулгая. Эл эрхмийн эрхий хурууны зангарагаар хөдөлдөг "Хурд" компанид хөдөлмөрийн аюулгүй байдал гэж алга.
 
 
Үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй компани стандартын дагуу зохих журмыг мөрдөх учиртай. Гэтэл ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэж, ашиг л олж байвал хүн үхнэ үү байна уу тэдэнд хамаагүй мэт авирлах нь хэрээс хэтэрлээ.
 
 
Өнгөрсөн онд Нүхтийн аманд баригдаж байсан амины орон сууцанд осол гарч улмаар дөрвөн хүн гэмтэл авч, нэг иргэн амь насаа алдсан хэрэг гарсан. Тухайн үед эл барилгын эзнийг О.Мэндсайханыг гэж байсан ч эцэстээ эрхэм гишүүн Б.Чойжилсүрэнгийнх болж хувирсан юм.
 
 
Түүнчлэн дархан цаазат газар зөвшөөрөлгүйгээр барилга бариулсан нь ил болсон удаатай. Даравч далдайна, булавч бултайна гэдэг дээ. Хүний амь насыг юман чинээ санадаггүй эл эрхэмд хууль үйлчилдэггүй гэхэд болно.
 
 
Учир нь хэдхэн хоногийн өмнө "Хурд" компанийн барьж байсан барилгад осол гарч дахин нэг иргэний амь насаар туг тахичихлаа. Үүнийгээ нуухыг оролдож бодит мэдээллийг үгүйсгэн өөрсдийгөө рекламдах нь ичгэвтэр. Төрийн албан хаагчид хийсэн ажил хэргээрээ өрсөлдөх учиртай.
 
 
Гэтэл одоо хэтэвчний зузаанаараа хэрэлдэх шахам өрсөлддөг болж. Ямар сайндаа л хөрөнгө орлогын мэдүүлэгт эрхэм гишүүний ашиг орлого тэргүүн эгнээнд цохиж явах вэ дээ. Түүний орлого 2010 онд 4.016.9640, харин гэр бүлийнх нь орлого 3.180.0 төгрөг байсан.
 
 
Тэгвэл 2011 онд 6.019.4720, гэр бүлийнх нь орлого 7.506.8 төгрөг болж өссөн байгаа. Орлого нь нэмэгдэхийн хэрээр компанийнх нь тоо бас үржив. Тухайлбал, "Урбан лэнд", "Говь, гоё сайхан", "Өмнийн , гоё сайхан" гэх компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг гэдгээ тунхагласан байна.
 
 
Харин энэ жилийн тухайд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ юу нэмсэн нь тодорхой бус. Цаг нь болохоор түүнийг орлого илчлэгдэх биз. Эрхэм гишүүний орлого жилээс жилд нэмэгдэж, жирийн иргэдийг жилээс жилд "дарамталдаг" болов.
 
 
Түүний хариуцдаг компанид шил шилээ дарсан ослууд гарч олон иргэд амиа алдчихаад байхад одоо болтол ганц ч үг хэлсэнгүй. Харин ч барилга дээр ажиллаж байгаа амиа алдсан иргэдийн буруу мэтээр "аашилж" хамаг хэргийг хав дарж суух нь энэ цагийн улстөрчдийн авир гэлтэй.
 
 
"Рапид харш" хотхоныг мэдэхгүй хүн гэж үгүй. Өнгөрсөн 2010 онд шилдэг барилгаар шалгарч өргөмжлөл хүртэж байсан удаатай. Төд удалгүй оршин суугчдын ундуйцлийг хүргэж барилга биш, балгас гэдгээ нотолчихсон юмдаг. "Хурд"-ынхан хуулиас дээгүүр жаалж хүний аминд хүрсээр байх уу.
 
 
Энэ асуултыг эрхэм түшээдэд тавъя. Жирийн иргэний барилга дээр осол гарсан бол жил хүрэхгүй хугацаанд хэргийг шийдэж, зохих шийтгэлийг нь өгчихсөн байгаа. Харин хэтэвч зузааны нэгний компаниуд дураараа авирлаж болдог хуулийг гажгийг хэдэн улс төрчид бүрдүүлээд байх шиг.
 
 
"Хурд"-ын үйл ажиллагааг хурдан "зогсоо"
 
Барилгын компани хүний амь наснаас илүү газар чухал болжээ. Газартай л болж байвал бусад нь хамаагүй мэтээр авирлах нь араатан малын хойноос хөөж буйтай адил. Хотын "А" зэрэглэлийн бүсийг мөнгөтэй, нэр нөлөө бүхий эрхмүүд өөрийн болгодог. Тэр дундаа нийтийн эзэмшлийн талбайд шүлсээ гоожуулагчид олширчээ.
 
 
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн "дайн" өрнөөд хэд хоногийн нүүр үзлээ. "Хурд" компанийн балгаар тус хорооллын иргэдийн эрх зөрчигдөж эхэлснийг эх сурвалж ч онцолсон юм. Тодруулбал, 2005 онд эл хорооллын оршин суугчид тухайн үеийн ханшнаас дээгүүр 2500 ам.доллараар байраа худалдан авч байжээ.
 
 
Тэр үед "Суруга монгол" компани иргэдтэй гэрээ байгуулахдаа хачин гоё амлалтыг өгсөн байдаг. Тэр үед урд талын зам дагуу намхан байшингууд барина хэмээн иргэдэд хэлж байсан нь худал болж өдгөө 16-22 давхар орон сууц сүндэрлэхээр болжээ.
 
 
Барилгын ажлыг "Хурд" компани гүйцэтгэх аж. Гэтэл дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх дуртай "Хурд" компанийнхан иргэдийг тэмцлийг үл ойшоосон байна. Үүнд нь шаралхсан иргэд холбогдох албан тушаалтнуудад хандсанаар тус компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргуулсан ч үл ойшоон барилгын ажлаа үргэлжлүүлсээр.
 
 
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар "Суруга монгол" нь газрын зөвшөөрлеө "Хурд"-ад зарсан байж болзошгүй гэнэ. Хэрвээ "Хурд" гүйцэтгэгч компани байсан бол өдгөө хуулийн дагуу үйл ажиллагаагаа зогсоох учиртай. Гэтэл хуулиас дээгүүр жаалж барилгын ажлаа үргэлжлүүлсээр байна.
 
 
Зүй нь хэрэглэгч хаан гэх үүднээс хандаж ямар газарт юу барих гээд байгаагаа иргэдэд тайлагнасан бол өдийд хэл амгүй ажлаа эхлүүлэх байсан ч юм билүү. Ямартай ч "Хурд"-ынхан хуулиас дээгүүр жаалаад байгааг холбогдох газрууд анхааралдаа авч арга хэмжээ авна биз ээ.
 
 
Б.Чанцал
 
Эх сурвалж: