Хүнсний гол нэрийн барааны үнэ буурчээ.

Тодруулбал энэ сарын 20-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.9 хувь,  өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Махны дундаж үнэ: хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 5.8 хувь, үхрийн ястай махны үнэ 4.8 хувь, үхрийн цул махны үнэ 10.4 хувь, адууны махны үнэ 11.5 хувь,  ямааны махны үнэ 9.7 хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал үхрийн ястай махны үнэ 1.1 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 1.1 хувь, ямааны махны үнэ 3.6 хувь, хонины ястай махны үнэ 0.3 хувь, адууны махны үнэ 6.4 хувиар буурчээ. 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6615 төгрөг, үхрийн /ястай/ мах 7570 төгрөг, үхрийн цул мах 8785 төгрөг, адууны мах 5560 төгрөг, ямааны мах 5600 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.3 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, 1-р зэргийн гурилын үнэ 2.0 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 8.7 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.6 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.3 хувиар өсч, бусад гурилны үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 2.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ:  төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ өөрчлөлтгүй, манжингийн үнэ 23.8 хувь, луувангийн үнэ 25.3 хувь, сонгины үнэ 0.8 хувь, байцааны үнэ 17.5 хувиар буурчээ. Өмнөх 7 хоногийнхоос манжингийн үнэ 7.4 хувь, луувангийн үнэ 8.9 хувь, байцааны үнэ 3.7 хувиар буурсан байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.0 хувь, задгай сүүний үнэ 9.1 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос бүх сүүний үнэ өөрчлөлтгүй байна.                      

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхоос өөрчллөлтгүй. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 5.6 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 1.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй гарчээ.

Х.Даваа