Цусны хорт хавдрын өвчтэй хүүхдүүдэд зориулсан шинэ эмнэлэг өнөөдөр үүдээ нээлээ. Уг эмнэлгийг АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээний санаачилгаар барьж байгаа бөгөөд гэгээнтэн өнөөдөр “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ээ хүлээлгэн өгч байна.

Тэрбээр 2012 оноос ЭХЭМҮТ-ийн дэргэд цусны өвчтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлгээ барьж эхэлсэн. Энэхүү эмнэлэг нь бүхэлдээ сайн хүмүүсийн хандив, өглөгөөр босчээ. 

"Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг" нь цусны өвчнийг эмчлэх, илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба 50 ортойгоор үйл ажиллагаа явуулах юм.  ЭНЭШТ-ийн хяналтанд одоогоор  цусны хорт хавдартай  гэх оноштой 700 гаруй хүүхэд байдаг юм байна.

2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өссөн судалгаа бий. Тиймээс өвчиндөө шаналах хүүхдүүдийг тухтай орчинд эмчлэх, сэтгэл санааны  дэм өгөхөөр Монголын эрүүл мэндийн салбарт асар том хөрөнгө оруулалт хийж байгаа Ажиа гэгээнд нийт монголчуудынхаа өмнөөс талархлаа илэрхийлье.