Өнгөрсөн долоодугаар сард АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын удирддаг гэх компанийг авлигын хэргээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарч байсан. Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нь УИХ-ын гишүүн болохоосоо өмнө зам барилгын “Монроуд” компанийг хариуцдаг байв. Харин гишүүн болсныхоо дараа хувьдаа зам барилгын компанитай байх нь ашиг сонирхлын зөрчил болох учир өөр нэгэн хүнд шилжүүлсэн гэх. Гэтэл үгүй байжээ. 

Нэг ёсондоо УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэй, ардаа мотортой гэгддэг компаниуд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын тендерт ногоон гэрлээр шалгардаг жишгээс “Монроуд”-ынхан ч хоцроогүй аж. Томоохноос нь дурдвал Халзанбүргэдэй, Солонготын давааг холбосон 100 км замын ажил байна. Гурван Засгийн газар, дөрвөн жилийн нүүрийг үзсэн ч өдийг хүртэл ашиглалтад ороогүй энэ замын тендерт “Монроуд”-ынхан өнгөрсөн жил шалгаран барьж байгаа. 

Төсөвт өртгийг нь анх 20 тэрбум төгрөг байхаар баталж байсан энэ зам өдгөө 46.3 төгрөг болтлоо өсөөд буй. Үүнийг нь ч Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу Хөгжлийн банкаар дамжуулж “Чингис” бондын хөрөнгөнөөс “Монроуд” компанид шилжүүлсэн байх юм. Гэтэл хууль хяналтын байгууллагаас энэхүү үйл явдлыг шалгаж эхэлжээ. Ямартай ч ажлыг нь хийж байгаад дутуу орхисон замыг үргэлжлүүлэн барьж буй Халзанбүргэдэй, Солонготын даваа чиглэлийн замыг шинээр барих нэрийдлээр төсөвт өртгийг өсгөж, санхүүжилт олгосон нь хууль хяналтынхны хараанд өртөж, ийнхүү шалгуулсан ч эрүүгийн хэрэг үүсгээгүй гэх мэдээллийг эх сурвалж хэлэв.