Үдэш бүр цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдийг уях болсон “Улс төрд шинэ манлайлагч” ТВ төслийн гуравдугаар шатны шалгаруулалт ид өрнөж байна. Өөртөө итгэлтэй, өөдрөг хүсэл тэмүүлэлтэй, шинийг санаачлагч байж, манлайлалаараа тэргүүлэхийг хүсдэг залууст энэхүү шоу томоохон боломжийг олгосон.

Олон мянган үзэгчдийн өмнө нэг гараанаас шударга өрсөлдөх манлайлагч залуус төслийн явцад Удирдлагын академийн манлайллын тусгай хөтөлбөрт суралцахын зэрэгцээ улс төр, нийгэм, урлаг соёл гээд нийгмийн бүхий л салбарт идэвхтэй оролцоогоороо өрсөлдөх юм. Шинэ манлайлагч болохын төлөө тун ч завгүй хөдөлмөрлөж буй залуус нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлж спорт өдөрлөгийг зохион байгууллаа.

Шилдэг 90 оролцогч энэ өдөр төрөл бүрийн тэмцээн зохиож спортын шилдгүүдээ тодрууллаа. Хэдийгээр тэд өрсөлдөгч ч гэсэн бие биенээ дэмжиж тусалж нөхөрсөгөөр найрсаг хөгжилдөж байсан юм. Манлайлагч залуус хөгжилтэй өдрийнхөө төгсгөлд Төр хурахад буудалласан газрынхаа хогийг цэвэрлэв.