Гаалийн байгууллага эрсдэлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Энэ шалгалтын явцад ГЕГ-ын Хэрэг зөрчлийн асуудал эрхэлсэн нэгжийн гаалийн улсын байцаагч нар 2014 оны 10 дугаар сарын 28-ний өдөр АНУ-с илгээгдэн ирсэн чингэлэг бүхий түүвэр ачаанд нарийвчилсан үзлэг шалгалтыг зохион байгуулан ажилласан байна.

Уг үзлэг, шалгалтыг Улаанбаатар хот дахь гаалийн газрын АБТЭМА дахь гаалийн салбарт хийсэн ба шалгалтаар гаалийн хяналтаас нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахыг завдсан галт зэвсгийн багагүй хэмжээний сумыг илрүүлжээ.

Дээрх сум нь Remington, Winchester, Federal маркын галт зэвсгийн нийт 220 ш сум байсан бөгөөд улсын хилээр хууль бусаар нэвтүүлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хамаарч байгаа юм. Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй тул хойшлуулшгүй ажиллагаа явуулж хуулийн байгууллагад шилжүүлсэн гэв.

20141027 161144 АНУ болон Европын улс орноос импортлосон автомашин болон түүвэр ачаанд галт зэвсгийн сум ихээр нуун улсын хилээр хууль бусаар нэвтүүлэхийг завдах үйлдэл сүүлийн жилүүдэд байнга гарч байгаа тул иргэд тус улсаас ирж байгаа бусдын дайвар ачааг өөрийн нэр дээр авахгүй байхыг Гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эл хэргийг Гаалийн байгууллагаас харьяаллын дагуу Тагнуулын байгууллагад шилжүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар болжээ.