Өчигдөр 15.00 цагаас МАХН-ын 150 гаруй гишүүд намынхаа удирдлагад шаардлага хүргүүлэх гэнэ гэсэн мэдээлэл интернэтэд газар аваад байсан. Шаардлага хүргүүлэх ажлыг УИХ-ын дэд дарга Л.Цог зохион байгуулж байгаа тухай ч зарим мэдээллийн сайтаар мэдээлж, энэ дагуу хэвлэлийнхэн МАХН-ын байранд ирээд байсан. Харин Л.Цогийн шаардлага хүргүүлэх тухай энэхүү арга хэмжээ бүтэлгүйтэж, сэтгүүлчид хоосон хаалга мөргөв. Чухам ямар учраас шаардлага хүргүүлэх арга хэмжээ цуцлагдсан талаар лавшруулбал Монгол Улсын Шадар сайдын суудлыг өг, Шадар сайдын харъяаны таван агентлагийг иргэний хөдөлгөөнийхөнд хариуцуулна гэсэн далд утга бүхий шаардлагыг нь дэмжих МАХН-ын гишүүн олдоогүй юм байх.

Л.Цогийг МАХН-аас хөөж магадгүй гэсэн бор шуваа ойрмогхон нисэх болсон. Түүнийг намаас нь хөөх шалтгаан энэ бололтой юм. Шадар сайдын суудалд санаархаж, үүндээ намынхаа гишүүдийг хүртэл ашиглаж шантааж хийж эхэлсэн нь намаасаа хөөгдөх учиг байсан бололтой. Түүний явуургүй энэ санааг харин гишүүд нь дэмжээгүйгээс өнөөдрийнх нь шаардлага хүргүүлэх арга хэмжээ ийнхүү унасан хэмээн намын байраар орж гарагсад ярих юм билээ.