АН-ын шинэ дарга З.Энхболд анх удаа олон нийтэд хандаж байр сууриа илэрхийллээ.

Тэрээр өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ “Бидний дунд зөрчил байгаагүй ээ. Зөрчилтэй юм шиг харагдуулж байсан нэг хэсэг байгаа байх. Фракциуд байна. Гэхдээ рааман дотроо байх ёстой. Шонхор гэдэг фракци миний хувьд бусадтай адилхан хэмжээнд очиж байна. Албан ёсоор АХХ -ны ерөнхийлөгч гэдгээсээ больж байгаа. Энэ олон фракциуд нь нам эрүүл байгааг харуулж байгаа болохоос биш зөрчлийн эх үүсвэр байх ёсгүй. Фракциуд намынхаа дор байна. Намын дээр төр байна. Тийм учраас төрийн ажлаа чухалчилж явах үүрэгтэй. Анх удаа АН фракцаа бодолгүй, намаа бодолгүй, төрийн ажлыг бодож, эдийн засгийн хямралтай тэмцэж чадах хүнээ гаргалаа. Тэр нь Ч.Сайханбилэг байлаа. Энэ нь АН дотор олон үзэл бодол чөлөөтэй, эрүүл оршиж байгаагийн шинж. Цаашид АН ард түмэндээ өгсөн амлалт, даалгавраа биелүүлэхийн төлөө ажиллана” гэж хэлэв. 
                  З.Энхболд өмнөх дарга Н.Алтанхуягийн аминчлан гуйсан эв нэгдлийг хангаж ажиллахаа эхний ээлжинд тунхаглаж байна. Тийм учраас Шонхор гэсэн фракциа бусадтай нэг түвшинд тавина гэж зарлав. Бас Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгч байгаагаа дуулгав. Ингэснээр тэр АН -ын дарга гэсэн ганц том малгайтай үлдэж байна. Өмнөх бүлэглэл, фракциасаа салснаар бүх бүлэглэл, фракцийн эрх ашгийг намын даргын хувьд ижил тэгш хангаж ажиллана гэж байгаа бололтой. АН -ын гишүүд ч тийм байхыг нь хүсэх биз. 
            З.Энхболд дарга бас АН анх удаа намаа,  бүлэглэлүүдээ бодолгүй улсаа бодож эдийн засгийн хямралаас гаргаж чадах хүнээ Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ. Тэр хүн нь Ч.Сайханбилэг хэмээн зоригтой зарлаж байна. Түүний энэ үг арай л худлаа болов уу? Анхнаасаа тэрээр Р.Амаржаргалыг баахан дэмжсэн. Тэр үед АН-ын УИХ-ын гишүүд “Эдийн засгаа хямралаас гаргаж чадах хүнээ дэвшүүллээ” гэж байсан. Гэтэл нөгөө үгээ бүлгийн хуралдаа суулгүй алга болсон Ч.Сайханбилэгийн энгэр дээр хадаад ярьж байна. За энэ ч яахав жишиг асуудал. Харин Ч.Сайханбилэг улс орноо хямралаас гаргаж чадахгүй бол яах вэ? гэдэг дараагийн асуулт урган гарна. Тэр үед АН -ын дарга З.Энхболд юу гэж хэлэх вэ? “Ч.Сайханбилэг улс орноо хямралаас гаргаж чадсангүй. Би гаргаж чадна” гэж хэлээд Ерөнхий сайд болох уу? Тохиолдож болох хувилбар!