Монголын Залуучуудын Холбоо, “Залуу удирдагч сан” хамтран Монгол Улсын нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, оны шилдэг залуу төр нийгмийн зүтгэлтэн, улс төрч, эдийн засагч бизнесмэн шалгаруулах зорилгоор 1992 оноос “Next Stop” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй. Өдгөө тус наадмаас 28 залуу удирдагч төрөн гарснаас дурьдвал Монгол Улсын Ерөнхийлөгч 2, УИХ-ын гишүүн 18, Ерөнхий сайд 6, Сайд 14, Монгол банкны Ерөхийлөгч 2, бизнесийн салбарын томоохон төлөөллүүд төрөн гарсан нь “Next Stop” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны нэр хүнд, чансааг илтгэсэн үзүүлэлт юм.

Монголын нийгэм улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу” тодруулах ёслол 2012 онд 20 жилийн ойгоо “Сүү өргөж амьдаръя” уриан дор архигүйгээр шинэ жилийн баярыг тэмдэглэн тэр дундаа залуусыг уриалан дуудсан нь олон хүний талархлыг хүлээж байсан. 2013 оны “Next Stop”  харшийн наадмын онцлог нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнтэй, нийгэмд оруулах хувь нэмрээрээ манлайлсан байгууллагууд, нийгэм улс төрийн залуу шилдэг удирдагчдыг нэр дэвшүүлсэн бөгөөд дуучин Д.Болд найруулан Камертон хамтлаг зохион байгуулж, Монголын сор болсон уран бүтээлчид оролцсон нь жилийн хамгийн том харшийн наадам гэдгийг илтгэсэн юм.

22 дах жилийн “Next Stop” наадам ямар онцлогтойгоор зохион байгуулагдах бол гэсэн хүлээлт залуучуудын дунд хамгийн их байна. Шилдэг залуу бүрт дээрх наадамд оролцож энэ жилийнхээ хийсэн ажлаа үнэлүүлэх, нийгэмд өөрийн оролцоо, чадвараа нэмэгдүүлэх, танигдах, 2014 оны “Тэргүүний залуу” боть номонд бичигдэх, үеийн шилдэг залуучуудтай нэг ширээний ард сууж улс эх орныхоо ирээдүй, өөрийн бизнесийн хөгжлөө ярилцан суух хүсэл байгаа юм.

Тэгвэл МЗХ энэ жилийн “Next Stop” наадмыг хамгийн олон шилдэг залуучуудыг нэгэн дээвэр дор цуглуулахаараа онцлог болгож, 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, төрийн болон төрийн бус, аж ахуй нэгж байгууллага, бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл шилдэг залуучуудыг оролцуулах юм байна. Наадам ирэх 12-р сарын 18-нд “Crocus” event hall -д 18.00 цагаас зохион байгуулагдах бөгөөд энэ үдэш оны Нийгэм, улс төр болон Эдийн засаг, бизнесийн “Оны залуу” тодорно.