Орхон аймгийн Залуучуудын холбоо 2015 онд олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Залуучуудын хөгжил, боловсрол, спорт, эрүүл мэнд, мөн “Эрдэнэт бол хот”, унадаг дугуйтай цэвэр эко орчныг бүрдүүлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Зөв залуус” клубынхан МЗХ-оос санаачлан хэрэгжүүлж байгаа “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжин өөрсдийн санаачилгаар Орхон аймагт унадаг дугуйн зам барьсан. Авлигагүй орон сууц, залуу гэр бүлийг дэмжих сургалт лекц зохион байгуулж залуучуудын дуу хоолойг төрд хүргэх, нийгэмд байр сууриа бататгах олон ажлуудыг санаачлан төлөвлөөд ажлаа эхэлсэн юм.

Ямартай ч эхний ээлжинд Орхон аймгийн ИТХ дах Залуучуудыг дэмжих лобби бүлэг байгуулж тамга гэрчилгээг нь гардууллаа. Бүлгийн ахлагч аймгийн ИХТ-ын төлөөлөгч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал С.Сувдаа болжээ.

МЗХ өнгөрсөн 10-р сарыг зөвлөл, клуб, хороо байгуулах сар болгон зарлаж давалгаалуулсан. Орон даяар сарын хугацаанд 600 гаруй зөвлөл байгуулсан бөгөөд хамгийн их зөвлөлийг Орхон аймаг байгуулсан байна. Нийт 108 зөвлөл байгуулж зөвлөлийн залуустайгаа хамт, тэдний дунд бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. 

Орхон аймаг өнгөрсөн нэг жилийн хугацаанд гүйцэтгэх хорооноос явуулж байгаа бүхий л ажлыг дэмжиж орон нутагтаа зохион байгуулж хамрах хүрээгээ улам тэлж залуучууд нэгдээд хийвэл ямар ч бэрхшээлийг даван туулна гэдгийг бодит амьдрал дээр харуулж байгаа аймаг юм.

.