(Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар өрмийг нь хамж, Миеэгомбын Энхболд хусамтай тогоог нь долоолоо)

Хүн итгэмээргүй шившгийн юм болгон Монголоос гарах юмдаа. Н.Алтанхуягийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор ордны ээлжит хуйвалдаан эхэлсэн.

Шунасан хүнд албан тушаал илүүддэггүй юм байна. УИХ-ын дарга З.Энхболд, Н.Алтанхуягийнхаа Намын даргынх нь тамгыг “булаан” авлаа. Бараг дээрэм гэмээр юмдаа. Уул нь Ардчилсан намын дарга гэдэг хүндтэй суудлыг чинь их хурлын дарга нь өрсөлдөгчгүйгээр, хэдэн хүний санал аваад авч өгөлцчихдөг зүйл биш л баймаар. Их хурлаа хуралдуулж, намынхаа хамт олны үгийг сонсож, олон талаас нь тунгаасны эцэст намын даргын тамгыг хүлээж авдаг баймаар. Тэгсэнгүй!Хүний юм авчихсан хүн хариу барих ёстой болдог юм байна. Намынхаа даргыг, Ерөнхий сайдынхаа суудалтай өгчихөөд “хожуул тэврээд” хоцорч байгаа Н.Алтанхуягт “Ерөнхий сайдаар танай “алтангадасаас” гаргаж өгнө. Бүр , буруун гарын чинь итгэлт нөхөр Ч.Сайханбилэгийг чинь ямарч үнээр хамаагүй гаргаж ирнэ” гэсэн гэх. Энэ нь бүр төрийн тэргүүнээр хүртэл дэмжигдлээ.

Н.Алтанхуягийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч Монгол улс Ерөнхий сайдгүй, сангийн сайдгүйгээр төсвөө баталж байх үед гадаадад сэтгэл амар морилж байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань, сая сэрсэн юм шиг гэнэтхэн Ч.Сайханбилэг найзыгаа “хөтөлж” орж ирээд ерөнхий сайдаар батлуулчихлаа. Чадаж байгаа юманд арга алгадаа. Ч.Сайханбилэгийгээ бид сайн мэднэ ээ. “Сувагаа битгий солиорой” гээд нэвтрүүлэг хөтөлж байсан жаал хүү гэнэт “цоороод” улс төрч болчихсон. Даанч, эдийн засгийн цагаан толгойг А-гаас цааш гадарлаж байгаа юмуу, үгүй юу, бүү мэд. УИХ–ын гишүүн, Ерөнхий сайд асан, нэртэй эдийн засагч Р.Амаржаргалыг ялаад гарч ирж байгаа нь энэ гэнэ. Яаж ч бодоод сэтгэлд багтахгүй байна. Уул нь, улс орон, ард түмнийхээ хувь заяаг боддог улстөрийн хүчин, удирдлагуудад бол, сонгуулийн үлдээд байгаа жил гаруйхан хугацаанд өндөр мэдлэг мэргэжил, туршлагатай эдийн засагчаар Засгийн газраа удирдуулж энэ улс орны хөгжилд ахиц гаргахсан гэж бодмоор. Тэгтэл түрүүчийн засгийн газарт хэрэг эрхлэх газрын дарга, төрийн сайд байгаад гологдож огцорсон сайдыг буцаагаад Ерөнхий сайд болгоно гэж эрүүл ухаан уу?

     Ч.Сайханбилэг дээдчүүлийн идсэн уусан, нууц хуйвалдаанууд дунд нэр нь явж л байдаг хүн. Хамгийн сүүлийн хоёр баримт л гэхэд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг дэргэдээ авч  дэд даргаараа ажиллуулаад “Эрдэнэс таван толгойн” 17 тэрбумын тендертГ.Дэнзэнгийн эхнэр Уянгын компанийг ялуулан, баригдахтайгаа зэрэг сайн дураар огцруулсан болж, сарын 6 сая төгрөгийн цалинтай “Эрдэнэс таван толгойн” ТУЗ –ын даргаар томилчихоод байгаа. Одоо тэр компанид 4.8 тэрбум төгрөгийг тасалж өгсөн хэрэг ид мандаад шалгагдаж байна. ҮүндЧ.Сайханбилэг хамаагүй гэж үү?!Бас нэг ноцтой зүйл бий. “Нүүрс” хөтөлбөрийнхний хэрэг шалгагдаж байгаа.Энэ хөтөлбөр ашигтай ажиллаж байхад засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 854 сая төгрөг нууцаар шилжүүлчихсэн байдаг. Энэ их хөрөнгийг захиран зарцуулж гарын үсэг зурах эрх зөвхөнН.Алтанхуяг,  Ч.Сайханбилэг хоёрт л бий. “Нүүрс” хөтөлбөрийн олон тэрбумын хэрэг шалгагдаад буруутай нь тогтоогдвол энэ хоёр хүн яах аргагүй хариуцлага хүлээнэ. Ийм хэрэг явдлуудыг тоочиж барахгүй л дээ.

       Олон түмний дунд яригдаж байгаагаар бол ордны энэ удаагийн хуйвалдаан нь нэгдүгээрт: Н.Алтанхуяг,Ч.Сайханбилэг, С.Баярцогт нартай холбоо бүхий хэрэг явдлуудыг нам дарж өнгөрүүлэх, хоёрдугаарт: одоо хувьчлахад бэлэн болчихоод байгаа 22 том объектыг нам дотроо хувааж авах, бүр дампууруулж, үнэгүйдүүлж байгаад хямдханаар хувааж авахын тулд ийнхүү нэр нүүрээ баран зүтгэцгээж байгаа гэх юм. Олны үг ортой л байдаг шүүдээ. Хэрвээ шудрага гишүүн Р.Амаржаргал ерөнхий сайд болчихвол, бүх зүйлийг хууль журмын дагуу явуулж, хуйвалдагчид шүлсээ гоожуулаад өнгөрөх ч байсан байж болох юм. Одоо Ч.Сайханбилэг нь Ерөнхий сайд болж, айдаггүйгээ авдрандаа хийлээ хэмээн суугаа биз. Чуулган  дээр Г.Уянгын хэлсэн гал цогтой үг эдний зүрхэнд шар ус хуруулсан ч байж болох юм.Г.Уянгын “Би айж байна” гэсэн үг өнөөдөр бүх Монголчуудын зүрх сэтгэлд ав адилхан айдас төрүүлж байгааг эрхэм дээдэс бодох л хэрэгтэй байх.

       Засаг солигдох үеэр Намбарын Энхбаяр  хөзрөө дэлгэлээ. Түрүүхэнд ирээд буцахдаа “Туулсан амьдралынхаа тухай” ном бичиж байгаа гэсэн нь нэгэн үед энэ хүнтэй дөрөө нийлж явсан эрхмүүдийг гүн шооконд оруулах шиг болсон. Тэр номонд орох баримтуудынхаа зах зухаас телевизээр дэлгэсэн нь нэлээд хүмүүст айдас төрүүлэв бололтой. Баримтуудын гол нь өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын их хурлын дэд дарга Р.Гончигдорж,Ерөнхийлөгчийн баруун зүүн гарын найз нар Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар руу чиглэж байв. Н.Энхбаярыг төр засгийн эрхэнд өндөр эрх мэдэл бүхий байхад Ц.Элбэгдорж улсын нууц задруулсан хэргээр буруудах болоход түүний үнэнч найз нар Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар ял янганаас чөлөөлж өгөөч хэмээн гуйж ирснийг фото зургийн хамт үзүүлсэн байв.Н.Энхбаяр ч тэдний арга тасарсан гуйлтад сайнаар хандсан гэнэ. Өнөөдөр ерөнхийлөгчийн ивээлийн энэ хоёр хүн,С.Баярцогт нь гадны банканд “хятадын монгол” хаягаар их хэмжээний ам.доллар байршуулж татвар, хөрөнгө орлогын мэдүүлгээс зугтаалгасан хэрнээ ял зэмгүй явж байгаа,Ч.Сайханбилэгийг нь сайдаас огцроод байхад ерөнхий сайд болгохоор хөтлөөд гүйж байгаа, энэ бүхэн чинь цаанаа маш нарийн холбоо сүлбээтэй, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найруулсан эмгэнэлт жүжиг гэж үзэхэд болмоор байгаа юм. Үүнтэй  зэрэгцээдН.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн: “Бан Ги Мун утасдаж болиулаагүй бол Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг алахаар шийдчихсэн байсан юм билээ” гэсэн материал олныг шуугиулж эхэллээ. Хажуугаар нь олон жил хууль зүйн сайдаар ажилласан, УИХ –ын гишүүн Ц.Нямдорж “Ноцтой мэдээллийг дэлгэнэ” гэж мэдэгдсэнээр, олон жилийн юм ухагдахна хэмээн айсан дээдэс, дээгүүрээ шоргоолж шиг бужигнаж байгаа сураг байна. “Алтангадасынхан”, тэр дундаа Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгох гэж хуйвалдан зүтгэсэн бүлэглэлийнхэн дэлгэгдэх хөзөрт дээгүүр байр эзлэнэ гэсэн яриа байна. Хүмүүсийн шивнээ яриагаар бол С.Зоригоос эхлэсэн улстөрийн аллагууд, Улсаа барьцаалсан, газар орноо худалдсан гэмт хэргүүд, Монголын мөнгийг гадаадын банкуудад чихчихээд сууж байгаа хүмүүсийн паян дэлгэгдэх бололтой.

Хууль хяналтынхны зүгээс ч айж болгоомжилсон өнгө аяс цухалзаж, телевизээр мэдэгдэл хүртэл хийх боллоо. МАН,МАХН-ынхныг олноор нь баривчлан хорьж, урьдчилан хорих төвд хүний амь хороож байсан хэрнээ, өнөөдөр өөрсдийнхөө намын болон танил тал голдуухан 200 хүний ноцтой гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон ерөнхий прокурор нь “Хорьж байцаадагаа болъё. Чагнан мөрддөг болъё” гэж байгаа нь цаанаа л нэг юм хэлээд байна. Ардчилсан намынханы, “Алтангадасынхны ээлж болвол чагнаж байгаа нь энэ гээд өнгөрөөх буюу гадаадад зугтаалгаж ч магадгүйнэ гэсэн” ойлгоцыг хүмүүст төрүүлж байна.

Ордны хуйвалдаан дунд МАН-ын олигархиуд ханцуй шамлан, халбага сэрээ харшуулан орж явчихсан нь, бүр ч дайран дээр давс нэмлээ. Тэд баган дээрээ“Үндэсний эрх ашиг” “Улс орны хувь заяа” “Эдийн засгийн хямралаас гаргах” гэхчлэн сайхан лоозон бичсэн байгаа. Жинхэнэ үнэн дүр нь хэдэн сайдын  суудлын төлөөл үхэлдэж яваа царай нь!Монголын ард түмэн , МАН-ын хамт олны санаабодол бол огт өөр байна. МАН засагт орохыг 10 хүрэхгүй хувь нь л дэмжиж байгаа. Хаанаасаа тавь жаран хувь гаргаад ирснийг бүү мэд. Би, баримтгүй ярьж, бичиж үзээгүй учир цөөн хэдэн баримт авъя.

      МАН-ын бага хурлаас хэд хоногийн өмнө, намын нарийн бичгийн дарга Т.Гантулга, бидний гурван хүнийг хүлээн авч санал сонссон. Ерөнхий сайд байсан Д.Содном гуай, соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвлээ бид гурвыг хүлээн авч ярилцсан. Гантулга дарга “эдийн засгийн хүнд нөхцлөөс гаргахын тулд” засгийн газарт хамтрах нь зүйтэй гэсэн өнгө аясаар бидэнд ойлгуулсан. Д.Содном дарга шууд л “хэрвээ засагт хамтарна гэвэл би энэ цагаан ордноор чинь дахиж шагайхгүй” гэнэ билээ. Х.Цэвлээ бид хоёр ч саналыг дагасан. Тэгсэн чинь хоёр хоногийн дараа Д.Содном гуай Гантулга даргын өрөөнд юм бичээд сууж байна. “Бодоод байсан чинь засагт хамтрах нь зүйтэй юм байна” гэдэг байгаа. Юу амлаж экс ерөнхий сайдын санаа бодлыг эргүүлсэн юм, бүү мэд. Ийм байдлаар хүмүүсийн тархийг их угаасан л даа.

Хотын бүх дүүргүүдэд намын хамт олны хурал цуглаан болсон. Тэр хурал цуглаанууд дээр УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Номтойбаяр, Ж.Батсуурь, Д.Дэмбэрэл дөрвүүлээ “эдийн засгийн хүнд нөхцлөөс гаргахын тулд засагт хамтрах нь зөв” гэсэн ойлголтоор гишүүдийнхээ тархийг угааж байсан. Баянгол дүүргийн МАН-ын 400 орчим гишүүд дэмжигчид Төмөр замын соёлын ордонд цуглаад бараг л 100 хувийн саналаар эсэргүүцнэ билээ. Энэ дөрвөн гишүүн болон хот дүүргийн намын удирдлагууд, засгийн газарт орохыг эсэргүүцэн танхим дүүрэн алга нижигнүүлж байсныг мартаагүй л байх. МАН гэдэг хүчтэй сөрөг хүчин засгийн газарт орохыг ийнхүү орон даяар эсэргүүцэж байсан юм шүү. Тэгтэл, судалгаанд оролцогчдын 50-60 хувь нь засгийн газарт орохыг яагаад дэмжсэн болдог билээ? Сонин байгаа биз?! Энэ судалгаа гэгч нь бүгд худлаа. Хэн нэг нь санаанаасаа зохиосон тоо. Ер нь урьдчилан тийм хүчтэй сурталчилгаа явуулаад, араас нь судалгаа авч болдог юмуу. Судалгааг ингэж явуулаад, өөрсдийнхөө санаа бодолдтохируулан 52 хувь болгочихож болдог юм бол бүхэл бүтэн академи, судалгааны төв ажиллаж өдий төдий орон тоо тэжээж суухын хэрэг байгаа юмуу? Наймдугаар анги төгссөн, даргадаа үнэнч, нэг охин л сууж байвал болоо юм биш үү. Ингээд өнөөх хүчтэй сөрөг хүчин маань, “тоглоомын засгийн газрын” өвөрт давхиад орлоо.  Хайран сайхан, өсөж байсан рейтинг. Өнөөдөр сонгууль явууллаа гэхэд 40-өөс доошгүй суудал авах рейтингтэй байсан МАН маань “хэлээ унжуулаад, хоёр гараа өргөөд бууж өглөө” гэсэн дүр зургаар бичигдэх, хэлэгдэх боллоо доо. Хайран, намын минь нэр хүнд!

Би хамтарсан засаг бүхнийг эсэргүүцэгч биш л дээ. Ч.Сайханбилэгийн засгийн газар чинь дэндүү муу, түрүүчийнхээсээ долоон дор засгийн газар “амилж” байна. Ийм “огцрогсодын засгийн газарт” сөрөг хүчнийхэн орж нэрээ сэвтүүллээ гэж харамсаад байгаа юм. Ерөнхий сайд нь огцроод гарч ирж байгаа хүн. Хэрэг эрхлэх газрын даргад нэр нь дэвшсэн хүн нь УИХ-ын дэд даргаас огцорсон. Олон түмэн бол “шийдлийн” биш , огцрогсодын засгийн газар гэж нэрлэх болоод байна. Ардчилсан намынхан, тэр дундаа “алтангадасынхан”  2008 оны сонгуулийн дараа МАН-ын засгийн газарт ороод яалаа?!  2012 оны сонгуулийн өмнө, нэг л өдөр хаяад зугтаасан. Ийм болчимгүй хүмүүс! Өнөөдөр яаж байна?   Өөрсдөө 10 сайдын суудал авчихсан хэрнээ, нөгөө хоёр жил гаруй хамтран зүтгэж байсан ИЗНН-аа шинэ засгийн газраасаа бүр шахаж зайлуулаад “шудрага ёс эвслийнхэн”-ний суудлыг хаслаа. Ингэж л , хамт олон хүмүүсийг ашиглаад нэг удаагийн цаас шиг хаядаг хүмүүс байхгүй юу. Иймээс би, рейтинг өндөртэй яваа МАН-аа энэ засгийн газарт хамтарлаа гэж бухимдаад байгаа юм. У.Хүрэлсүх мэтийн, шадар сайд байтугай ерөнхий сайд, ерөнхийлөгчийн хэмжээний хүмүүсийг энэ бузар булай юманд аваачиж хутгаад яахнэвдээ.

Би, түрүүчийн сонгуулийн өмнө “нэр хүндтэй яваа,ялсан нам сонгуулийн өмнө нэрээ сольдоггүй юм” гэж хэлж , бичээд буруудаж л байсан. Намын удирдлага тоолгүй өнгөрсөн. Өнөөдөр би “сонгуулийн өмнө хүчтэй сөрөг хүчин луйврын засгийн газарт ордоггүй юм” гэж хэлээд, бичээд бас л хөгцтэй араанд нь зуугдаж байгаа. 2016 онд сонгууль болвол л ялгаж өгөх байх даа

Саяхан МАН-ын сонгуульт, идэвхтнийцуглаан болж намын дарга М.Энхболд, Ч.Сайханбилэгийн засгийн газарт орох болсон шалтгаан, тохиролцсон зүйлүүдээ ярилаа. Хүмүүсийн нэг хэсэг нь УИХ-ыг сөрөг хүчингүй болгон засгийн газарт давхиж орсныг буруутгасан. Нөгөө хэсэг нь “дарга минь ганц зөв зүйл бүтээлээ” гээд магтаж байна билээ. Би, тусгаар тогтнолын ордны “хатавчинд” хэдэн сар суусны хувьд МАН яагаад ялагдаад байх болсон, өнөөдөр ямар байгааг эрх биш гадарлах боллоо л доо. Газрын хүчирхэг наймаачдын гарт орсон байна. Бага хурал, удирдах зөвлөл гэдэг чинь дан ганцхан “хотын фракцынхан”, тухайлвал М.Энхболдын нүдний харцаар хөдөлж байдаг хүмүүсээр бүрдсэн байна. Хатуухан хэлвэл Х.Чойбалсан, Ю. Цэдэнбал нарын хойд дүр энд тодорч. Тэдний өөдөөс эгцэлж хардаг, үгээ шуудхан хэлчихдэг аавын хүү одоохондоо ховор байна. Улсын Их хурал дахь сөрөг хүчний 26 гишүүний мохоо үлбэгэр чанар ч үүнтэй холбоотой юм байх. Намын шудрага дайчин гишүүн Ц.Нямдорж, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар... нарын цөөн хэдэн гишүүдээс бусад нь “шинэчлэлийн” тодотголтой засгийн газрын бузар булхайг илчилж байвуудаа. Бараг л үгүй байх. Яг үнэнийг хэлэхэд “монгол коммент”-ийн хоёроос долоон доор ажиллаж байгаа. Ярьж байгаа нь мохоо. Тулга тойрсон, тугалын билчээрээс холдохгүй юм ярьсаар, хоёр жил гаруй хугацаа өнгөрөөсөн нь дэндүү харамсмаар.

     Ч.Сайханбилэгийн засгийн газар гараагаа ямар байдлаар эхлэв гэдгээс нүүр царай нь танигдахаар болж  байгаа. Хамгийн эхлээд, хуйвалдаанаар халж, найман сар ажилгүй байлгасан, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Солонгыгоо эргүүлж томиллоо. Сайндаа ч биш. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёрын хамаг булхайг мэдэх энэ хүн их зүйл дэлгэж тавина гэж айсандаа Солонгыг эргүүлээд томилчихлоо. Дараа нь ТЕГ, МХЕГ–уудын хянах шалгах үйл ажиллагааг зогсоолоо. Ардчилсан  хүчнийхэн эрх  мэдэлд хүрэх тоолондоо хяналтын системийг сулруулж, устгаж байж хүүдийлдэгийг хэн хэнгүй мэднэ дээ. Тэр л замаар эхлэлээ. Гол хяналт тавих ёстой ерөнхий прокуророо засгийн газрын танхимдаа оруулчихаж байгаа юм. Нэг үгээр хэлвэл өнөөдөр Монголын парламент, засгийн газар ямарч хяналтгүй дураараа хүмүүсийн гарт орлоо л доо. Арга ядахдаа хувиараа нэр дэвшиж сонгогдсон гурван гишүүн парламентэд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, иргэний нийгмийнхэн түр засгийн газар байгуулж байх шиг байна. Олон улсын жишгээс  харахад, ийм олигархиудын мэдэлд орсон улс орныг ард түмний түр засгийн газар байгуулж, бүх ард түмний их хурал хуралдуулж авардаг юм билээ.

Би бодоод л сууж байна. Монголын намуудад эрдэм мэдлэг төгс, эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй мөн ч олон залуучууд бий дээ. Тэхэд , хорь гучин жил бидний нуруун дээр зайдалж, улс орныг мөхөөж, ард түмнийг мааньөлсгөж байгаа энэ хэдэн тэрбумтан, газрын наймаачид, “Хятадын Монгол” хаягаар хамаг хөрөнгийг маань гадаадын банкуудад түгжчихээд байгаа луйварчид, эрээ цэрээ алдсан худалч хулгайчаас салах арга зам алга гэж үү?!   Одоо “цоохор сархинаг” шиг засгийн газар нь боловсруулж, парламент нь олонхиороо хүч түрэн Монгол улсын үндсэн хууль, сонгуулийн хуулийг өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн өөрчлөх гэж яарч байна. Сонгуулийн саналыг “хар машин”-аар  тоолох гэнэ. Соёлт хүн төрөлхтөнд адлагдаж булхай нь илэрсэн “хар машин” өнөөдөр л эрх баригчдын “аминд орж” байгаа нь үнэн. Ямарч программ хийж болдог, нэг саналыг 2 болгож, нөгөө саналыг баллуурдаж чадах энэ машинаас олон орон татгалзаад байхад, манайхан л шунаад байгаа. Энэ машинаар тоолвол сонгуулийг явуулсны хэрэггүй. Шууд АН-ыг ялсанд тооцож болно. Нөгөө нэг шунаад байгаа зүйл нь “намын нэрсийн жагсаалт”.  Үндсэн хуулиа зөрчсөн “намын нэрсийн жагсааалт” л байх юм бол, өнөөх ард түмнээсээ сонгогдолгүй орж ирдэг хүмүүсхэвээрээ. Сонгуулийн маргааш харахад З.Энхболд, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Р.Гончигдорж, М.Энхболд , Д.Дэмбэрэл, Н.Лундаажанцан... нар инээгээд л сууцгааж байх вий.

Энэ, засгийн газар эхнээсээ л бараг “зодолдож”эхлэх нь дээ. Засгийн газрын бүтэц дээр МАН-нь түрүү өөрчлөөд  баталчихсан 13 яамтай байна гэхэд, АН-нь 16 яамтай болгоно гэж зүтгээд санасандаа хүрлээ. Ер нь цаашдаа Ардчилсан намынхан олноороо түрүү барин дур зоргоороо загнахын эхлэл, энэ яалтгүй мөн. Соёл шинжлэх ухааныг хааж боосон “харанхуй засаглал” Монголд өндийж бослоо.Оюутолгой, Тавантолгойн ард байгаа барууныханы дохио зангаагаар хөдлөх төр засаг хүчээ авлаа.

     “Цогт тайж” кинон дээр, Арслан тайжтай Түвдийн гүнжийг эрхлүүлж орхичихоод гарч ирэхдээ: “Одоо тэр, хонь болсон” гэдэгсэн. Миеэгомбын Энхболд гэдэг хүн ч одоо “хонь” болох шиг бололтой. Хонь болж Далай ламд мөргөсөн хүний толгойг авдаг юм билээ. “Хонь” болж, олонхийнхоо өвөрт давхиад орсон, намын даргыг яадаг юм бол?

Намын жирийн гишүүд уулзахаараа: “Ардын намын ээлжит бус их хурлыг хуралдуулах юмсан” гэцгээж байх юм.