УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар эдийн засаг хямарсан өнөө үед шинэ жилээс татгалзах уриалга гаргалаа. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улс орны, айл гэрийн эдийн засаг хүндэрч байгаа энэ цаг үед тансаг шинэ жил, хангалуун цагаан сарын баярууд, хурдан морины уралдааны үргүй зардлаа хязгаарлаж, хэмнэсэн мөнгөө өнчин ядуус, өндөр настан, балчир үрсдээ зориулж байх саналыг та бүхэндээ толилуулж байна.

Миний бие энэ оны шинэ жилийн бүх арга хэмжээнүүдээс татгалзаж  хэмнэсэн мөнгөө Батсүмбэрийн асрамжийн ахмадууддаа бэлэглэж байна.  Цаашдаа ч жил бүрийн шинэ жил, цагаан сарын зардлаа боломжоороо хэмнэж асрамжийн ахмадуудад өгч байх болно.

Улсын Их Хурал, Засгийн газрын эрхэм гишүүд, төрийн албан хаагчид бизнесменүүддээ өөрсдийн хэрэглээнээс хэмнэсэн мөнгөө амьдралын хүнд нөхцөлд байгаа өндөр настан, балчир үрсдээ  зориулж байхыг уриалж байна.