УИХ-ын байнгын хороны дарга нарыг нэг жил болоод томилдог. Өргөдлийн байнгын хорооноос бусад байнгын хороог хэн хэн даргалах асуудлыг байнгын  хороод хэлэлцсэн байгаа.  Улмаар уг асуудлыг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж батлав.  Улмаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ж.Энхбаяр, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Су.Батболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей, Төсвийн байнгын хорооны даргаар Б.Болор, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Батсуурь, Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Батцогт нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Харин Өргөдлийн байнгын хороо Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн саналаа оруулж ирж амжаагүй тул энэ удаад чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэнгүй.