УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нэр бүхий долоон гишүүнийг томилсон.

Уг хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүдэд хандаж “Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүний хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг, архи дарс уух нь замаа алдсан аймшгийн газар та нар очиж байна. Энэ бүхнийг цэгцлээрэй. Та бүхэн эргээд байнгын хороотойгоо холбоотой байж ажил. Ядаж хулгайн кино гаргахгүй байх хэрэгтэй шүү” хэмээн хэлсэн нь тус байгууллагын уран бүтээлчдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд МҮОНРТ-ийн уран бүтээлчдээс уучлалт гуйлаа. Тэрбээр “Хэлсэн үгийг минь та бүгд буруу ойлгосон байна. Сайн ойлгохын бол телевизийн 100 хүний хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг гэж ярьсан .Тэрнээс биш 700 хүнийг архи уудаг талаар яриагүй юм. Архидалт, аймшигтай,замбараагүй байдал гэдэг нь МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нарт хамаарсан үг. Олон жилийн түүхтэй хүчирхэг уран бүтээлчидтэй энэ байгууллагад сүүлийн хэдэн жил ахиц гарах нь бүү хэл уруудсан байгаа. Тэр нь өчигдөр томилогдсон долоон хүн болон захирал М.Наранбаатарыг тойрон хүрээлж байгаа дарга нарт хамаатай. Тийм учраас энэ байдалдаа анхаарч ажиллахыг сануулж, Үндэсний зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд хандаж ийм үг хэлсэн. Энэ үг уран бүтээлч та бүгдэд буруу ойлгогдсон бол уучлалт хүсч байна. Харин миний хэлсэн үгийг ашиглаж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө та бүхнийг бослого, тэмцэлд уриалж байгаа удирдлагуудынхаа санаархалд битгий автаарай гэдгийг сануулъя. Би хэлсэн үгнийхээ төлөө МҮОНРТ-ийн удирдлага түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлалт гуйхгүй. Үүгээр өчигдөр орой хүргүүлсэн  МҮОНРТ-ийн шаардлагын хариуг өгч байна” гэлээ.

Архидалт, аймшигтай,замбараагүй байдал гэдэг нь МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нарт хамаарсан үг