Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлд орох бүрэлдэхүүний талаар хэлэлцэж  баталсан.

Энэхүү хуралдааны төгсгөлд  УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдсон  хүмүүст хандан  “Их хэцүү газар очиж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүнтэй хийдэг ажлыг  700 хүний хүчээр хийдэг. Аймшгийн газар байгаа, архи дарс уух нь замаа алдсан. Энэ бүхнийг цэгцлэх үүргийг та бүхэн хүлээж байна. Их хурлаас томилогдож байгаа та бүхэн эргээд байнгын хороотойгоо холбоотой байгаарай. Ядаж хулгайн кино гаргахгүй байх хэрэгтэй шүү дээ, ичмээр юм” хэмээсэн. Харин үүнд бухимдсан МҮОНРТ-ын хамт олон УИХ-ын дарга З.Энхболдыг “Өөрийн албан тушаал, УИХ-ын хүндэт индэрийг ашиглан ийм худлаа мэдээлэл олон нийтэд түгээсэн нь биднийг доромжилсон явдал боллоо” гэж үзэж буй юм. Тиймээс “Үндэсний телевиз, радиогийн байранд өөрийн хүрэлцэн ирж биднээс уучлалт хүснэ үү” гэсэн шаардалгыг хүргүүлсэн.

Гэвч үүний хариуд З.Энхболд “Архидалтын тухай хэлсэн үг маань МҮОНРТ-ийн 700 ажилтан, албан хаагчдад хамааралгүй. М.Наранбаатар тэргүүтэй удирдлагуудад нь хандаж хэлсэн. Хэлсэн үгнийхээ төлөө М.Наранбаатар тэргүүтэй удирдлагуудаас уучлах гуйхгүй. Үүгээр МҮОНРТ-ийн ажилтан, албан хаагчдын шаардлагын хариуг хүргүүлж байна” хэмээж өнгөрсөн долоо хоногт шуугиан тариад байсан.

Тэгвэл УИХ-ын даргын дээрх залруулгыг МҮОНТ-ээр гаргахыг хоригложээ. Мөн УИХ-ын дарга болон УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг МҮОНРТ-ээр гаргахыг хориглосон сурагтай. Энэ мэдээллийг сонссон УИХ-ын гишүүд МҮОНРТ М.Наранбаатарын хувийн өмч биш байлтай, Мөн хоёр талын байр суурийг тэнцвэртэй хүргэх үүрэгтэй, төрөөс төдийгүй иргэдээс сар бүр 1100 төгрөг хурааж, санхүүжилтээ бүрдүүлдэг телевиз М.Наранбаатар даргынхаа үг, үйл хөдлөлөөр мэдээ мэдээллээ бэлтгэж байгаа нь харамсалтай. Энэ телевизээс М.Наранбаатарыг чөлөөлөх шаардлагатай байна гэж үзэн МҮОНРТ-ийн Олон нийтйн зөвлөлд шаардлага хүргүүлэхээр болжээ.