Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг 2011 онд шинэчлэн батлахдаа БНТУ-ыг “гуравдагч хөрш” гэж албан ёсоор зарласан бөгөөд энэ нь манай улс БНТУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл болж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Мөн энэ онд тохиож буй Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд өндөр хэмжээний айлчлал, соёлын арга хэмжээнүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Монгол Улс Турк Улстай бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байдаг бөгөөд хоёр улсын аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль, хяналтын байгууллагуудын харилцаа амжилттай хөгжиж байна.

Түүнчлэн хоёр орны боловсролын салбар дахь хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Одоогоор Засгийн газар хоорондын, хувийн болон төрийн бус байгууллагын шугамаар Монголын 900 гаруй оюутан залуус Туркэд их, дээд сургуульд суралцаж байгаа нь үүний нэг тод илрэл болохыг Шадар сайд У.Хүрэлсүх онцлон тэмдэглэлээ.

        Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхжиж байгааг Туркийн Элчин сайд Мурат Карагөз онцлоод онцгой байдал, стандартчилал хэмжил зүй зэрэг салбарт тус улсын хуримтлуулсан туршлагаас хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв.