Энэ оны эхний өдрөөс эхлэн гадаад улс орнуудаас шуудангаар дамжин ирсэн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Монгол улсын иргэдээс гэр бүлдээ илгээсэн хуучин хувцас, хичээлийн хэрэглэл, хүүхдийн гутал, хувцас, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлсийн үнийн дүнд тодорхой хязгаарлалт тогтоож, албан татвараас чөлөөлж буй ажээ.

Ийнхүү улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээсэн арилжааны шинж чанаргүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 1 920 000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөс дээшгүй үнийн дүнтэй илгээмжийг гаалийн татвар төлөхгүйгээр хүлээн авах боломжтой боллоо. Энэхүү үнийн дүнг Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон шуудангийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлтэд үндэслэн тогтоосон байна.

Жич: Хуулийн заалтыг доор хавсаргав.


МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН
ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 38.1.15 дахь заалт нэмсүгэй:

“38.1.15. нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

З.ЭНХБОЛД