BSN_8783Бие даагчид болон Г.Уянга, Л.Цог нарын оролдлого талаар өнгөрөв. Тэд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хөндөж парламентын орчинд  олны анхаарлыг татаад байгаа.

Дээрх гишүүдийн хувьд С.Баярцогтыг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-нд АНУ-ын “Painter Law Firm” гэх хуулийн фирмээс 17.5 тэрбумаар зөвлөгөө авахуулахаар төсөвт тусгаж, үүнээс 450 гаруй сая төгрөгийг нь урьдчилгаа хэлбэрээр олгосон нь татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бус зүйлд зүй бусаар ашиглаж байна хэмээн буруутгаж байгаа. 

Энэ бол гишүүдийн зүгээс С.Баярцогтыг огцруулах гэж гол үндэслэл нь. Гэхдээ үүнээс өөр шалтгаан бас байгаа бололтой. Тодруулбал, тэд “Эрдэнэс-Оюутолгой”-н 17.5 тэрбум төгрөгийн хэргийг урдаа барьж Засгийн газрыг унагах төлөвлөгөөгөө эхлүүлсэн бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх гишүүд "Алтангадас"-ын задрах процесс дээр тоглолт хийж, Засгийн газрыг унагах төлөвлөгөөгөө С.Баярцогтоос эхлүүлсэн гэнэ. Тодруулбал, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг “Алтангадас”-аас өрх тусгаарлаж “Соёмбо” фракцийг байгуулна гэсэн сургаар ийнхүү хөдөлж эхэлжээ. 

Н.Алтанхуяг намын даргын албан тушаалаа өгөн байж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгосон. Ингэсэн нь учиртай бөгөөд Ч.Сайханбилэгээр өөрийн хийж байсан ажлын бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэх цаашлаад Шинэчлэлийн Засгийн газрын аппаратыг нь хэвээр нь үлдээхэд оршиж байсан юм. 

Гэтэл Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон даруйдаа Н.Алтанхуягийн хүмүүсийг ажлаас нь халж эхэлсэн бөгөөд түүнтэй хамгийн муу харилцаатай байсан ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн Ш.Солонгыг хүртэл буцаан ажилд нь авсан. Энэ мэт асуудлаас болж Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын харилцаа муудаж ил цагаанаар бие биенээ хурцаар шүүмжилж эхэлсэн билээ. 

Энэ бүх хутгуурын цаана С.Баярцогтыг байгаа гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Ингээд “Алтангадас” хоёр хуваагдах дээрээ тулах үед Н.Алтанхуягийн хүмүүс Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хөндөнө хэмээн айлгаж эхэлжээ. Үүнээс болж Ч.Сайханбилэг бууж өгөн Н.Алтанхуягтай эвлэрэн учраа ололцсон байна. 

Яг энэ үеэр бие даагчид болон Г.Уянга, Л.Цог нар Засгийг огцруулах тоглолтыг эхлүүлсэн ч “Алтангадас” эргэн эвлэрснээс болж хамаг төлөвлөгөө нь талаар өнгөрчээ. Үүнийг илтгэх үйл явдлууд ч сүүлийн хэдэн өдөр боллоо. Тухайлбал, өнгөрсөн мягмар гарагт байнгын хороогоор С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр “Шударга ёс” эвслийн бүлэг гэнэт завсарлага авав. Уг нь тус бүлгийн хоёр гишүүн нь уг асуудлыг хөндсөн. Гэтэл бүгдээрээ зэрэгцэж сууж байгаад уг асуудлыг хойшлуулсан юм. 

Асуудлыг шуурхай хэлэлцээд явбал өөрсдөд нь хэрэгтэй байтал гэнэт завсарлага авч асуудлыг гацаасан нь олны анхаарлыг татаад байгаа юм. 

Үүнд уурласан С.Баярцогт “Би Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авч байгаад туйлын харамсаж байна. Та нар хангалттай, гүтгэж доромжиллоо. Өнгөрсөн хоёр өдөр хувь хүнийг гутаах, Засгийн газрын нэр хүндийг гутаах ажлыг хангалттай хийлээ. Би Л.Цог болон Г.Уянга нарыг уучлалт гуйгаад энэ төслөө татаж  авах гэж байна гэж ойлгосон. Би бас адилхан сонгогчидтой. Аав ээжтэй хүн. Та нарын доромжлол хэрээс хэтэрч байна.  Би Ёс зүйн хороонд, шүүхэд, Үндсэн хуулийн цэцэд хандана. Асуудал ойлгомжтой байхад үүнийг судална гэж байхгүй З.Баянсэлэнгэ даргаа. Төрийн ажил яаж явдаг талаар холбогдох бүх материалыг наана чинь өгчихсөн байгаа. Төсвийн байнгын хороо, Сангийн яам, хөгжлийн банк гээд холбогдох бүх байгууллагуудын бичиг баримт байгаа. Та нар судлах шаардлагатай гэж байгаа бол асуудлаа татаж ав. Тэгээд энэ зээлтэй холбоотой материалуудаа судал, өмнөх Засгийн газрын үед шийдвэр нь гарчихсан зүйл" гэсэн билээ. 

Магадгүй төлөвлөгөө нь нурж, асуудлыг судлалгүй оруулж ирсэндээ тэд "бантсан" ч байж болох юм. Одоо С.Баярцогтыг огцруулах асуудлыг битүүний өдөр хэлэлцэнэ. Энэ өдөр уг асуудал өнөөдрийнх шиг олны анхаарлыг татна гэдэгт эргэлзэж байна. Энэ үеэр хэлэлцсэн болоод л өнгөрөх биз. 

Ер нь АН, МАН, “Шударга ёс” болон бие даагчдын аль алинд нь энэ Засгийн газрыг огцруулах гэсэн олон гишүүн байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. 

Т.Энхэлээ