“Эзэн 100”-г амжилттай хэрэгжүүлж чадаагүй Б.Бямбасайхан “Эрдэнэс Монгол”-ыг хэрхэн удирдах бол
Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Эзэн-100" хөтөлбөрийг санаачилж, тус зөвлөлийн нарийн бичгийн даргаар Б.Бямбасайхан ажилласан юм. Ийнхүү 100 хоногт Монгол Улсын эдийн засгийг сэргээнэ хэмээн амлалт өгч байв. Гэсэн хэдий ч дээрх хөтөлбөр амжилттай болоогүй хэмээн сөрөг хүчин дүгнэсэн. Үндсэндээ Монгол Улсын эдийн засаг дээрх 100 хоногт сэргээгүй гэхэд болно. 

Харин хэдхэн хоногийн өмнө "Эзэн-100" нарийн бичгийн дарга асан Б.Бямбасайхан захирал “Эрдэнэс Монгол” хэмээх нийтийн өмчийн компанийг удирдах үүрэг хүлээсэн юм. Түүний хувьд аж ахуйн нэгжийг удирдах арвин туршлагатай гэгддэг хэдий ч өмнөх “Эзэн 100” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадаагүй байж “Эрдэнэс Монгол”-ыг хэрхэн удирдах бол гэсэн асуулт дагуулж байгаа юм.      

Өмнө нь  О.Сайнбуян 2012 оны 11 дүгээр сард  “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал асан Я.Долгоржавын оронд томилогдож байсан билээ. Тэгвэл өдгөө О.Сайнбуягийн ажлыг Б.Бямбасайхан авч байгаа юм. “Эрдэнэс Монгол” компанийн ирээдүйн стратеги нь компанийн засаглал, бүтцээ сайжруулж, Сингапурын төрийн өмчит “Темасек” компанийн загвараар хөгжиж, үндэсний томоохон корпораци болох юм. Үүний тооцоо судалгаа, бэлтгэл ажлууд хангадсан гэдгийг гүйцэтгэх захирал асан О.Сайнбуян онцолж байсан. Тэгвэл шинэ гүйцэтгэх захирал Б.Бямбасайханы хувьд уг ажлыг хэрэгжүүлж, “Эрдэнэс Монгол”-ыг олон улсын түвшний томоохон корпораци болгон хөгжүүлэх үүрэг ногдож байна гэсэн үг. 

“Эрдэнэс Монгол” нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг зуун хувь, “Оюу Толгой” ХХК-ийн 34, “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 51, “Шивээ Овоо” ХХК-ийн 90, “Багануур” ХК-ийн 75 хувийг тус тус эзэмшдэг, эдгээр стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг хүлээж ажилладаг компани. Тэгэхээр шинэ удирдлагын хувьд Оюутолгойг хөдөлгөх, Тавантолгойн хэлэлцээрийг хурдавчлахад оюунаа чилээж ажиллах нь. Мөн нүүрс, зэс, замын төслүүд хэрэгжүүлэх, Чалкогийн өрийг шийдвэрлэх, гадаадын томоохон биржүүд дээр стратегийн ордуудаар IPO гаргах зэрэг ажил хүлээж байгаа гэсэн үг. 

Мега төслүүдээ хөдөлгөөнд оруулж, эдийн засгийн хямралыг давна гэсэн зорилготой шийдлийн Засгийн газартай хэрхэн хамтарч, улстөрчидтэй хэрхэн хэл амаа ололцох бол гэсэн асуулт ч мөн хариулт хүлээж байгаа. Б.Бямбасайханы хувьд МУИС болон АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийг төгсөөд Америк, Азид 10 гаруй жил ажиллаж амьдраад 2010 онд эх орондоо ирж, “Клин Энержи” компанийн захирал, удалгүй “Ньюком” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн. Түүнчлэн Монгол Улсад уул уурхай, эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн төслүүдэд хамтран хөрөнгө оруулах болон хөгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгө оруулалт, төслийн менежмент, санхүүгийн зөвлөгөө өгдөг “Нова Терра” компанийг 2013 оноос үүсгэн байгуулан ажиллаж байгаа гэх зэргээр ажлын туршлага арвинтай гэнэ. 

Түүгээр ч зогсохгүй Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга, Монголын ногоон барилгын хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэд бүтцийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөх гэх мэт сонгуульт ажилтай.  Тэгвэл энэ эрхэм уул уурхайн томоохон компаниудыг нэгтгэдэг “Эрдэнэс Монгол” компанийг амжилттай удирдаж дараагийн шатанд буюу олон улсын зах зээлд гаргах хүн гэж Засгийн газар томилсон болов уу гэлцэж байгаа энэ үед ажлынх нь үр дүн ямар байхыг харах л үлдлээ. 

 

П.ТУУЛ