surguuli

Ажлаас  чөлөөлөгдөхөөрөө  тамгаа  аван зугтдаг, ажлаас чөлөөлсөн албан тушаалтантайгаа  шүүхдэлцэж, шинээр томилогдсон хүнээ Авилгатай тэмцэх газарт   шалгуулж, ажлыг нь хийлгэдэггүй  “олон ангит”  үзэгдэл дунд сургуулийн захирлуудад хүртэл  тохиолдох болжээ.

Үлгэр ийнхүү эхэлжээ. Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай сургуулийн  захирлын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлагдсан байна.  Уг сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан Ч.Ганбилэгийг Нийслэлийн Засаг даргын 2014 оны Б/108 дугаар захирамжаар тус сургуулийн захирлаар томилжээ. Дээрх захирамжийн хэрэгжилтийг хангаж, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2014 оны Б/111 дүгээр тушаалаар ажил хүлээлцүүлэх комисс  томилсон гэнэ. Комисс 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр  ажил хүлээлцүүлэх талаар өмнөх захирал М.Цогзолмаад мэдэгдсэн боловч 11:30-15:00 цаг хүртэл хүлээгээд ирээгүй тул сургуулийн нийт ажилтан албан хаагчдыг цуглуулж,  Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, тэмдэглэл хөтлөн, захирлын өрөөг битүүмжилсэн байна. Гэвч 2014 оны 05 дугаар сарын 28-ны 22:00 цагийн орчим М.Цогзолмаа нь битүүмжилсэн өрөөнд нэвтэрч, байгууллагынхаа тамгыг авч зугтаажээ.  Байгууллагын тамга авч зугтаасан талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэж,  эрүүгийн хэрэг үүсгэх дээрээ тулж байж тамгыг нь эргүүлж авсан гэнэ.  Холбогдох байгууллагаас “М.Цогзолмаа нь илтэд ашиг сонирхлын зөрчилтэй, албан тушаал эрх мэдэлд улайрсан зохисгүй үйлдэл гаргасан байна. Өөрөө хууль зөрчин томилогдсон, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй гэдгээ мэдсээр байж хууль, шүүхийн байгууллагад удаа дараа хандаж, ямар нэгэн байдлаар сургуулийн үйл ажиллагаанд саад учруулах, багш, ажилчид, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын эрх ашгийг хохироож байна” хэмээн үзжээ.  Тус сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтонд тавигдах шаардлага нь согог зүйч  багшийн мэргэжилтэй, дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй, сонгон шалгаруулалтанд тэнцсэн байхыг заадаг. М.Цогзолмаатай  хамтарч ажиллахгүй гэж хамт олон нь хоёр ч удаа  Нийслэлийн боловсролын газарт хандаж байсан юм билээ.

Гэсэн ч өмнөх захирал “тахимаа өгсөнгүй”.

ЕБС-ийн удирдах ажилтны томилгоог хуулийн хүрээнд  сонгон шалгаруулалтын дагуу хийсэн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нартай шүүхдэлцсээр байлаа.

Экс захирал  ажилдаа эргэн орохын тулд шинээр томилогдсон   захирлыг  хоёр ч  удаа  Мэргэжлийн хяналт болон АТГ-т  шалгуулсан ч тусыг эс олов. М.Цогзолмааг  анх 2010 онд БЗД-ийн дарга байсан, одоогийн ХХАА-н дэд сайд Б.Батзориг   захирлаар тавьжээ. “Намын  томилгоо” гэж Б.Батзориг дарга өөрөө хэлсэн удаатай гэнэ. Хууль бус томилгоог нь нь шүүхээс хүчингүй болгосон шийдвэр гаргахад түүнийг өдөрт нь халчихаад,  мөн өдрөө үүрэг гүйцэтгэгч болгож байжээ.  Харин 2012оны орон нутгийн сонгуулийн үрд үнгээр БЗД-ийн Засаг дарга солигдоход  М.Цогзолмаа халагдахад хүрчээ. Харин халагдах захирамжийн үндэслэлд Хөдөлмөрийн хуулийн заалт байгаагүйгээс  түүний талд шүүхийн  шийд гарсан байдаг. Нийслэлийн Засаг Дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж, мөн эрхэлж байсан ажил буюу үүрэг гүйцэтгэгчээр нь эргээд томилсны дараа ерөнхий боловсролын тусгай сургуулийн захирлын ажлын байрны шаардлага хангахгүй, “ЕБС-ийн багшийн мэргэжилгүй”-г Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоосон  тул Нийслэлийн Боловсролын Газраас ажлаас чөлөөлөхөд хүрсэн байна.

Гэсэн ч “Дуусдаггүй зарга” үргэлжилсээр байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны Б/107 дугаар захирамжаар М.Цогзолмааг сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гомдол гаргаснаар хэрэг үүсгэн М.Цогзолмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгосон аж.

“Улс төрийн намын ажилд улаа эргэтэл гүйсэн” хэмээн үнэлэгдэж, захирлаар томилогдсон, шаардлага хангаагүй халагдсан  эмэгтэйн түүх ийм.