Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнхийн төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх хэргийг 2012 оноос шалгасан. 

Тэгвэл уг хэргийн шүүх хурал Улсын дээд шүүхэд хоёрдугаар сарын 18-нд болж ялыг хөнгөрүүлэн суллажээ. Тодруулбал, ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхөд оноосон 6.6 жилийн ялыг хөнгөрүүлж 14 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Мөн ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат, “Электрон системс” компанийн дарга М.Батболд нарт оноосон ялыг мөн 14 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилжээ. Мөн тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн шүүгчдэгчдээс улсад учруулсан хохирол болох тэрбум 62 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс С.Батмөнх, Д.Эрдэнэбат нар нь бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүлэглэж үйлдэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэн 6.6 жилийн ял оноов.

Тэдний эд хөрөнгийг хураах шийдвэр гарчээ. Үүнд С.Батмөнхийн эзэмшлийн “land Cruiser-200”, Д.Эрдэнэбатын эзэмшлийн “Тоyота Hilux” машинууд, “Электрон системс” компанийн дарга М.Батболдын “Нummer H3” маркийн автомашиныг хурааж, долоон жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулж байсан юм.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ялыг хэвээр үлдээж байсан билээ.

Эл хэргийг эргэн сөхвөл, Анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх шүүгдэгчдийг ИНЕГ-ын харъяа “Чингис Хаан” олон улсын буудлын “Оператор”-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Электрон системс” ХХК-нийг тендерт хууль бусаар шалгаруулж улсад 1.062 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон. Мөн “Медиа саммит Лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон Системс” ХХК-ний Голомт банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан хүлээн авчээ. Ийнхүү мөнгө угаах үйлдлээ давтан үйлдэж “Трэшур космо лимитед” компанийн Хонконг дахь "HSBS" банкин дахь харилцах дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153 мянган ам.доллар, 202 мянган ам.доллар, 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасангийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар дамжуулан М.Батболдын Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэргүүдэд буруутгасан.