Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх "Хэлмэгдэгсдийн хөшөө"-ний урд өлсгөлөн зарлаж байсан "Босоо хөх монгол" ТББ-ын гишүүн долоон иргэнийг эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулсан талаар мэдээлэл хийлээ.

13 хоногийн турш өлсгөлөн зарласан "Босоо хөх Монгол" ТББ-ын гишүүн долоон иргэний эрүүл мэндийн байдал доройтож, цаашид хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл үүссэн нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 02-р сарын 23-ны өдрийн А/87 дугаар захирамжаар өлсгөлөн зогсоож, оролцогчдыг албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гарчээ.

Хоёрдугаар сарын 23-ны өдөр энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд нийгмийн хэв журам сахиулан аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллага хэв журмын хамгаалалтанд ажилласан байна. Өлсгөлөн зарлаж буй иргэдэдэд албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг танилцуулахад тус иргэд өөрсдөө сайн дураараа эмнэлгийн байгууллагад очсон мөн "Босоо хөх Монгол" ТББ-ын гишүүд өлсгөлөн зарлаж буй газарт барьсан гэрээ өөрсдөө буулгаж авч явсан юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллага, өлсгөлөн зарлаж буй иргэдэд болон тэднийг дэмжигч иргэдийн хооронд ямар нэгэн үл ойлголцол, зөрчил гараагүй гэж ЦЕГ Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.