Гацууртыг ашиглах тухай яригдаж эхэлснээс хойших 7-8 жилд гурав, дөрвөн ч Засгийн газар солигдож, тухай бүрт шинэ шинэ маргааны сэдэв гарган гацаасаар. Гацууртын ордыг ямар шалтгаанаар гацааж байсан түүхүүдийг "Шинжээч 24" буландаа хүргэж байна. 

 

Гацалт 1: Урт нэртэй хуулийн хаалт

 

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль том хаалт болсоор удсан юм. 2015 оны 1 дүгээр сард Гацууртын алтны ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулснаар энэ сэдвээрх маргаанд цэг тавигдсан юм. Стратегийн ордод урт нэртэй хуулийн заалт үйлчлэхгүйгээр хуульчлагдсан байдаг.

 

Гацалт 2: Иргэний хөдөлгөөнүүдийн эсэргүүцэл

 

Урт нэртэй хуулийн гацаа гарахад иргэний хөдөлгөөнүүд гацааны дахин нэг сэдэв гаргаж ирсэн нь Гацууртын ордын лицензийн талбайд түүхийн дурсгалт газрууд орсон учраас ухуулахгүй гэсэн эсэргүүцэл.Гацууртын ордын олборлолт явуулах 303 га талбайдтүүх, соёлын дурсгалт зүйлс олдоогүй, Хүннүгийн үеийн эртний түүхэн олдвор, булшнууд тусгай зөвшөөрлийн талбайгаас баруун өмнө зүгт 5.8-13 км (шулуун шугамаар) зайд оршдог гэж мэргэжлийн байгууллагуудын дүгнэсэн ч энэ эсэргүүцэл өнөөдөр хүртэл хүчтэй үргэлжилсээр байна.

 

ГАЦАЛТ 3: Төрийн эзэмшлийн хувь хэмжээний маргаан

 

Засгийн газраас Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмших “Эрдэнэс-Гацуурт” хамтарсан компани байгуулж, уг компанид төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20% байлгахаар 2015 оны 1 дүгээр сард УИХ-д асуудал оруулсан ч энэ хувь хэмжээг 34% болгохыг судал гэж буцаав.

Асуудлыг дахин судлаад 2015 оны 5 дугаар сард Засгийн газраас “Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр өргөн мэдүүлсний дагуу УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцсэн ч 2 дахь удаагаа буцаалаа.

 

Оюутолгой, Тавантолгойтой ижил “стратегийн” гэдэг статустай Гацуурт ордын гацалт энэ мэтээр үргэлжилсээр байна. Оюутолгой, Тавантолгойн жишгээр хэдэн Засгийн газар, хэдэн парламент дамжин гацах үгүйг таашгүй.

Г.Үжин