20... оны тэр нэгэн өдөр.Дэлхий дээрх цэвэрлэгээний сар эхэллээ.Чухам хүн төрөлхтөнийг хамарсан их цэвэрлэгээг хэзээ хийх вэ гэдгийг АНУ-ын Засгийн газар дангаараа товлоно.Энэхүү цэвэрлэгээг замбараагүй өсч үржиж буй дэлхийн хүн ам зүйг тэнцвэржүүлэхийн тулд басхүү ардчилсан хүмүүнлэг иргэний нийгмийн төлөө шударга шүүлтүүрийн дор явуулж байгаа юм.

Тиймээс дэлхийн засаглалын бодлогыг сөрөх арга үгүй, тийм эрх хэнд ч байхгүй. Ганц л нөлөөлж болох суваг бий.Тэр нь хөрөнгөтний давхарга.Тэд хүсвэл доллараа төлөөд онилогдсон бай руу өөрийн гараар гох дарах боломж үргэлж нээлттэй байх болно. Харамсалтай нь хөрөнгөтний давхарга удам дамжих тул харц бор иргэд хүсээд ч идеаль нь нийцэх эд биш. Дээд давхаргын баячуудын халааснаас  Засгийн газар санхүүжиж  тэдний өмнө нүүрээ цайруулахын тулд хэрэгцээгүй “хоолны сав”-аар зугаагаа гаргахыг санал болгодог байна. (тэднийг хооллохын тулд дэлхийг засаглагчид асар их хэмжээний үйлдвэрлэл явуулж байна) Угаас үүнээс өөр зугаа цэнгэлийг ногоон долларт ховсдуулсан оюун санаа, бодол ухаан үл харна.Хатуухан хэлбэл долларын хөрөнгөтнүүдээс өөр хүн төрөлхтөн гэж дэлхий дээр байхгүй. Жил бүрийн цэвэрлэгээний сар хоног цагийн зүүнд захирагддаг. Харин цэвэрлэгээ хийх обьеkт обьеkтийн доторх тоо ширхэгт тулж очих хэмжээ хягаар гэж үгүй. Тэртэй тэргүй дараагийн жилийн цэвэрлэгээний сар хүртэл устгагдсан бай хоёр дахин биш юм аа гэхэд нэмэх хасах баланстайдүүргэлт хүмүүсийн биологийн нөхөн үржихүйн явцад бий болно. Ямар шүүлтүүрээр ийнхүү шударга иргэний ардчилсан нийгмийн иргэн байх, амьд явах эрхээ эдлэх вэ гэвэл ёс зүй гэх дээд давхаргын баячуулын зохиомол урчлалд нийцэх, эс нийцвэл ёс зүйн хэм хэмжүүр нь мэс болон хувираад түүний хурц ирэнд чац эс хүрэх нэгэнд жам бус зуурдын үхлийг сонголтгүйгээр тулгадаг байх юм.Энэ бүхэн гагц дэлхийн даацад тохируулан авч хэрэгжүүлж байгаа бодлого хэмээн хаацайлах.Дэлхий дээр он удаан жил амьдрах гэсэн бусадтай орон зайгаа үл хуваан хүртэх шунал нь эрх мэдэлтнүүдийн засаглалыг ийм нөхцөл байдал руу эрхгүй оруулжээ гэх хүртлээ хүлээн зөвшөөрөх аргагүй шалтгаан тоочиж байна. Амь амьсгал, амьдралын төлөөх тэдний тэмцлийг буруутгах аргагүйг онгон байгалийн зэрлэг тогтоц өөрөө гэрчлэх шиг. Хүч чадалтай нь хүчгүйгээ барьж, хүчгүй нь хүчтэйгийнхээ өмнө өл залгуулах хоол нь болох гэсэн зам мөрзэрлэг байгальд бий. Бусад нь эрх мэдэлтнүүдийн өмнө дуугүй байх эрхийг эдэлнэ. Жам бусаар хорвоогоос одсон нь үйлийн үртээ баригдаж дахин дахин мэсний үзүүрт сийчүүлэх нь юутай гаслантай.

2014 онд нээлтээ хийсэн Холливүүдийн “Цэвэрлэгээ: анирхизм” нэртэй адал явдалт зөгнөлт аймшгийн кино дэлгэцнээ гарч байв. Жэймс де Монакогийн бичиж найруулсан уг киноны гол агуулгыг дээр сийрүүллээ. Дараагийн цуврал нь ч гарсан байдаг. Гарсан даруйдаа аймшгийн кино төрөл сонирхогчдын анхаарлыг татаж чадсан боловч зохиолчийн зөгнөлт адал явдлуудын цаана ямар санаа агуулагдаж байгааг эрх чөлөөт америкийн иргэд төдийл ухаж чадаагүй болов уу. Чадсан нэгэн нь байлаа гэхэд тэд Засгийн газрын мэдээлэлд илүү ойр амьдардаг хэсэг гэж ойлгоход бодит байдалтай хол зөрөхгүй.

Ардчилал нэрийн дор ухамсараа өөрөөсөө таягдан хаясан америкийн иргэд үнэндээ нэг хашаанд олноор нь багшруулан тэжээх фермерийн тэжээмэл гахайнаас өөрцгүй болжээ. Хэт их жингийн илүүдэл таргалалт нь америкийн иргэдиийн биеийн галбирыг сунамхай хаймар мэт хэлбэрт хувиргах нь үүнийг гэрчилнэ.

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээс болоод нам гүмд шургалсан цаазын ялыг иргэддээ тулгаж буй бодит дүр зураг бол таргалалт.2013 оноос эхлээд Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама таргалалтын эсрэг үндэсний аянг эхлүүлсэн боловч нийт америкчуудын хоол тэжээлийн хэт өлсгөлөн эрэлтийг хангахын төлөөх өрсөлдөөн томоохон пүүсүүдийн дунд явагдаж байна. Гэтэл хүнсний бүтээгдэхүүнийг эрүүлжүүлэх нийлүүлэлтийн бодлоготоо идэвхитэй анхаарал хандуулж байгаа эсэх нь эргэлзээтэй.

АНУ-ын Засаг захиргааны бодлого хийсвэр уриа лоозонгоор өөрийгөө гоёсон гэдгийг энгийн иргэдийнх нь өдөр тутмын амьдрал баталдаг.Харамсалтай нь фермерийн аж ахуйд гахайг тэжээхдээ зөвхөн тэжээгчийн хүссэн тэжээлээр борддог болохоос зэрлэг гахайн сүрэг шиг шимт өвсний үндсийг ухаж идье гэсэн сонголт тэжээврүүдэдбайдаггүй.Үүгээрээ тэд ялгарна.Энд нэг асуулт дотор гижигдэж эхэллээ.Фермерийн эзэн ашгаа нэмэгдүүлэхийн тулд аж ахуйгаа өргөтгөх сонирхол бий юу гэдэг сонин.Яг ийм сонирхол АНУ-ын Засгийн газарт байж болох уу?

Хэрэв байгаа бол үйл ажиллагаагаа гадаад зах зээл рүү тэлж ашгаа нэмэгдүүлэх гарц ямар ч хөрөнгө оруулагчид төрнө.  Аж ахуйгаа өргөтгөж, гахайн тоо толгойг нэмэх, өөр төрөлтэй хооронд нь эвцэлдүүлж шинэ үүлдэр угсаа гаргаж авах зэргээр худалдаанд гаргаж бүтээгдэхүүнээ сонголттой болгож болно. Гэхдээ америкийн нийгмээр дүрсэлбэл ийм тохиолдолд фермерийн эзэн бусдын зугааг гаргах ан агнуурын байг тэжээвэр хүмүүсээр хангана гэсэн үг. Худалдан авагчид нь Жэймс де Монакогийн зохиолд гардагтай адил цэвэрлэгээний сарыг зарлан товлох Засгийн газар, түүний халаасыг бордогч баячууд л байна. Өөрийнхөө иргэдийг хүнс, эмнэлэгийн тусламж үйлчилгээгээр дамжуулж “сортолж” байгаа орон бусад улсын ард иргэдийн заяагдмал эрхийн төлөө сэтгэлээ чилээнэ гэдэг маргаантай. Гэтэл АНУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кэмбэлийн нэгэн удаагийн ярилцлагад “туйлын зорилго, үнэт зүйл нэг ард түмэн” хэмээж монголчуудыг тодотгосныг санаж байна. Түүний энэ үгэнд уярч мэгшсэн олон хүн байсан юм.Ардчиллын нэрэн дор хэрэгжсэн мунхагшуулах бодлогын гүйцэтгэл үр дүнгээ гайхалтай сайн өгсөнд нь сэтгэл эмзэглэдгээ нуух шаардлага үгүй.Үнэт зүйл, туйлын зорилго нэг ард түмэнг хоёр тусдаа улс гэж харахад ч бэрхшээлтэй байдаг байх. Чухам юугаараа ийнхүү нэгдмэл байх учиртайг бодолхийлвэл Кэмбэлийн хэлсэн үгэнд үнэний мөр бас бий аж.1992 онд баталсан Үндсэн хуулинд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг эрэмбэлэхдээ түрүүнд “ардчилал”-ыг бичсэн байдаг. Хуулиас үг нэг бүрчлэн энд бичвэл “Монгол Улсын Үндсэн хууль. Нэгдүгээр бүлэг. Монгол Улсын бүрэн эрхт байдал.

Нэгдүгээр зүйл. 1.2. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заажээ. Хуулийн үг хэллэгийг эрэмбэлэхдээ санамсаргүйгээр ингэж бичнэ гэдэг үндэслэл муутай.Тэгээд ч санамсаргүй зүйл нэгээхэн ч үгүй. Ширхэг тоос ч утга учиртай байдгийг учрыг таних хүмүүс хэлсэн нь бий.Гээд Монгол улсын төрийн үндсэн үйл ажиллагаа ардчилсан ёсыг нэн түрүүнд баримталж, ардчилалд нийцэх шударга ёс, эрх чөлөөг бий болгосны дараа сая үндэсний эв нэгдлээ хангах үүрэгтэй болж таарлаа. Яг ийм зарчмаар өнгөрсөн 25 жилд хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа явж ирлээ. Дан ганцоноосон нэртэй байгууллага, ширээ сандал байгаад үйл ажиллагаа нь явчихдаг зүйл биш агаад тэр тогоонд идэш булаалдах эрх мэдэлтнүүдийн үг, үйлдлээр хууль тогтоох дээд байгууллага буюу парламентийн ажил урагшилж буй. Ардчилсан тогтолцоо бол фермерийн аж ахуйд хэдэн гахайг бордож буйтай яг адил систем. Тийм гэдэг нь ч гарцаагүй америкид хэдэн зууны туршид туршигдаад, хэдийнэ үр дүнгээ харуулчихсан эд. Мөн америк бол олон цагаач үндэстнүүдийн улс. Харин бид, Монгол улс Монгол хэмээх нэг үндэстнээс бүрддэг байлтай.Үндэстэн бүрийн эрхэм үнэт зүйл, сэтгэхүй, сэтгэлгээний онцлог гэж байдаг. Соёл иргэншлийн хувьд ч нэг нь суурин, нөгөө нь нүүдлийн амьдралтай. Иргэншлүүдийн хоорондох тархины зааг ялгааг Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн товч тодорхой хэлсэн үгийг энд сийрүүлэхгүй байж чадахгүй нь.

"Суурин иргэншлийнхэн түүхээ бичиж тэмдэглэдэг, нүүдлийн соёл иргэншлийнхэн түүхээ тархиндаа бичдэг улс. Тийм л ялгаа олж харна уу гэхээс суурийн соёл иргэншлийнхнээс элдэв ялгаа, соёл би олж хардаг ч үгүй. Бусдын зовлон гэж мэддэггүй суурин иргэншил нь агуу их хүн чанар, соёл юм уу?, эсвэл нинжин сэтгэлтэй, салхинд байгаа соёл нь агуу их соёл юм уу?Эндээс том ялгаа олж харах гээд суурин иргэншлийг агуу гэж солиороод байх шаардлага байхгүй юм шиг санагддаг"гэж ярилцлага авах завшаан тохиох үед хэлж билээ. Ийм том ялгаатай хоёр өөр ард түмний үнэт зүйл нь ардчиллын дор нэгдэж байгаад гайхшрал төрөх. Монголчууд тэнэглэх гэдгээс хол байдаг ард түмэн байлтай.Харин бусдын үнэт зүйлийг тосч авсанаас хойш тэнэглэх гэдэг эмгэгт ойрхон болчихож. Мөд энэ эмгэг нь дэлхийн тавцангаас биднийг ширхэг тоос ч үгүй үдэж хөөх суурь шалтгаан болох вий.Өөрийн ард иргэдийг хайрлаагүй америк орон Монгол улсын гурван сая хүнийг энгэртээ тэвэрч бөөцийлнө гэдэгт итгэж суугаа нь тэнэглэх эмгэгийн нэг хэв шинж. Үнэт зүйл, туйлын зорилго нэгэнтээ АНУ-тай ижил болсон юм бол нэг л өдөр “цэвэрлэгээний сар”-ын гол бай нь Монгол улс болохгүй гэх баталгаа хаана байна вэ? Монгол гэсэн үндэстний эрхэм зүйлийг хаана далдалчихаад бид бусдын үнэт зүйлийг хуваан хүртэнэ вэ? гээд олон асуулт хариултаа нэхэн бэдчинэ. Монгол гэж оршин байх л аваас бидний эрхэм, үнэтэй зүйл энэ газар шороо, үндэстний эв нэгдэл баймаар. Харамсалтай нь Үндсэн хуулинд монголчуудын эв нэгдлийг ардчиллаас доогуур үнэлж, төгсгөлд эрэмбэлсэн нь өнөөдөр америк мэтийн гуравдагч хөрш гэж өөрсдийгөө дөвийлгөх цагаач улсын амны зугаа болгоход хүргэж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар маргалдахдаа эрх баригчид зөвхөн өөрсдөд нь ирэх эрх мэдлийн тухай онолдоод байгаа болохоос үндэстний аюулгүй байдлаа найдвартай хамгаалахаас ажлаа эхлүүлэх ёстойгоо умартаж, тэнэглэж сууна.Тэнэглэх, зөнөх гэдэг нь хот суурин газрын өвчин болохоос нүүдэлчдийн эмгэг яавч биш.Монголчууд тэнэглэхээс хол зайтай ард түмэн.

 

2015.07.18

Сэтгүүлч: Э. Дөлгөөн