Архангай аймгаас төрсөн зохиолч, нийтлэлч О.Цэнд 1980-аад оны үед Архангайн шилийн сайн эр “Цэхэр” Явуугийн тухай “Эгийн саарал” гэдэг ном гаргаж байлаа. Үнэхээр ч “Цэхэр” Явуу нь ном гаргах хэмжээний түүх намтартай сайн эр байжээ. Ер нь дээхэн үеийн шилийн сайн эрчүүдийн уул хаданд бүгэх болсон гол шалтгаан нь мөнөөх л Манжийн дарангуйлал, ноёд баяд, шунахай хятад, арван тавны цагдаа, ногоон малгайт, хэлмэгдүүлэлт энэ тэртэй холбоотой байдаг. Харин “Цэхэр” Явуугийн ууланд бүгэх болсон шалтгаан нь эд бүгдээс тэс өөр. Эхэн үедээ мань эр жирийн л нэг малчин ард байж. Гэтэл 1930-аад оны үед Архангай аймагт эсэргүү бослого өрнөсөн бөгөөд уг бослогыг толгойлж байсан Самбуу дүвчин, “Ногоон малгайт” Дамдинсүрэн нар тус нутгийн эрчүүдийг хүчээр цэрэгт дайчилж, хэрвээ хэн нэгэн эр цэрэгт нь элсэхгүй гэвэл “Өө, энэ чинь Ардын намын муу нохой байна” гээд шууд алж хяддаг байж. Тиймээс Архангай нутгийн зарим эрчүүд хүссэн ч, эс хүссэн ч эсэргүү нарын талд орж Самбуу дүвчингийн хэрхэн дүвчигнэхийг нүдээр үзэхийн зэрэгцээ түүний гар хөл болох үүд хаалга нээгджээ. Тэдгээр эрчүүдийн тоонд “Цэхэр” Явуу багтсан гэдэг. Гэхдээ мань эр бусдыгаа бодвол хэн нэгэн харгис эрд захирагдаад, түүний гарын шүүс болж явахыг хүссэнгүй. Самбуу дүвчин анх Хөвсгөл аймагт эсэргүү бослого удирдаад тэнд бут цохигдмогцоо Архангай аймагт дүрвэн ирж эндэхийн эсэргүүний толгойлогч Түгж, Дамдинсүрэн, Аюурзана, Бор гэгээн, Азарга уулын даяанч лам Вандан нартай холбоо барьж шинээр хүч бэлтгэжээ. Тэрбээр сав л хийвэл “Би бол Ванчинбогдын нэг салбар бөгөөд Ванчинбогд ирж ардын улаан төрийг устгаж өөрийн төрийг байгуулна. Миний бие ардын засаг төр, нам, эвлэлийг устгаж шашныг дэлгэрүүлэх ба шашны намыг байгуулахаар зорьж яваа хүн” гэж ухуулдаг байж. Мань эр өөрийн гарт ороод ирсэн ардын намын хүмүүсийг банздах, шаахайдах, ташуурдах, бурханд мөргүүлэх зэрэг арга хэмжээ авахын зэрэгцээ зарим хүний зүрхийг амьдаар нь сугалдаг байж. Түүний туслахууд энгэртээ “Ванчин богдын салбар болох дүвчин Самбуугийн шар цэргийн цагдаа” гэсэн үсэг хаддаг байжээ. Үнэндээ ч тухайн үед эсэргүү нар Архангай аймгийн хамаг л сайхан эрчүүдийг хүчээр дайчлахаас гадна эмэгтэйчүүдийг хүртэл дайчилж байсан гэдэг. Энэ тухай хожим Ардын намынханд баригдсан нэг этгээд мэдүүлэхдээ “Эсэргүү нар хүнийг долоон зүйлээр алж байсан. Үүнд: Буудах, зүрхийг нь сугалах, борвийг нь огтолж зүрхийг нь сугалах, махыг нь огтчин алах, толгойн үсэнд нь тос түрхэж шатаах, шийдэмээр цохиж алах, арьсыг нь амьдаар нь өвчиж шөрмөсийг нь сугалах зэргээр алдаг байлаа. Мөн нэг эмэгтэйг 20 хүн дараалан хүчиндэж алсан. Жирэмсэн эмэгтэйг хүчиндсэний дараа алах, мөн зарим хүний нялх хүүхдийг хээр хаяж эх үрсийг өнчрүүлж байсан” хэмээжээ. Мөн Самбуу дүвчингийн цэрэгт дайчлагдаж явсан Сумъяа гэгч мэдүүлэхдээ “Би Самбуу дүвчингийн тушаалаар жанжин болж Тариатад очиход хэдэн зуун цэрэг байсны дотор лам нар ба бүсгүйчүүд нэлээд байсан. Манай шарын цэрэгт лам, бүсгүй хамаагүй элсүүлнэ гэснээр бүсгүйчүүдийг албадан авч явсан ба хувьсгалч бүсгүй нарыг албаар цэргийн дунд авч явсан. Энэ бүсгүйчүүд Самбуу дүвчин, “Ногоон малгайт” Дамдинсүрэн нарын дэргэд байсан. Тэднийг “Дарь-Эх” гэж нэрлээд хамт архиддаг байсан. Самбуу дүвчин, Дамдинсүрэн хоёр “Ардын засгийг устгаж, нийслэл хүрээг манай шар цэрэг эзлэх цаг болсон. Ванчин ирнэ. Та нар сүжиглэх юм бол зэвсэг хэрэггүй. Та нар бууны суманд дайрагдах бол сүжиг муудсанаас болно” гэж ухуулдаг байсан. Мөн тэд “Далай ван ноёныг ирэхгүй бол энэ бууны өмнө цусыг хүлээнэ” гэж ардуудыг хуралдуулан толгой дээгүүр нь буудаж байсан. Намайг тэд жанжин болгохдоо нэг бага буугаар шагнасан. Бид аливаа хэрэг шийтгэхдээ хүний тархинд буу тулгаж, бууны ам долоолгодог байсан. Би улааны цэрэгтэй зүрхтэй байлдаж арав гаруй хүн алсан учир буугаар шагнагдаж байсан. Бид улаан цэргийн олзлогсодыг байлдаанд оруулахдаа “Та нарт зэвсэг хэрэггүй, цээжээ яраад сүжиглэн орох хэрэгтэй” гэж зандардаг байсан. Содном сайдыг Тариатын хүрээн дээр аваачаад суллан тавих гэтэл түшмэл Эрдэнэбат “Энэ этгээд сайд бөгөөд их хувьсгалч, хамгийн тэргүүний магнай хүн тул заавал алсугай” гэж Самбуу дүвчин, “Ногоон малгайт” Дамдинсүрэн нарт ховлосон. Тэгтэл тэд Содном сайдыг ацтай модонд хүлж байгаад цээжийг нь ярж зүрхийг нь амьдаар нь сугалж туг тахисан” гэж мэдүүлжээ. Төдөлгүй Самбуу дүвчин Шанзав яам гэгчийг байгуулж, өөрөө ерөнхий удирдагч болж бүх цэргийн жанжинд Жамц, Ерөнхий штабын жанжинд Намсрай, Мятав, Жигжид, Аюурзана нарыг томилсон байна. Нэг өдөр Намсрай, Мятав нар Шанзав яаманд орохгүй гэж эсэргүүцсэн гурван хүнийг Самбуу дүвчин дээр аваачтал тэр бүгдийг нь модонд хүлж байгаад амьдаар нь зүрхийг нь сугалаад өөрийнхөө талд хүчээр дайчилж элсүүлсэн цэргүүддээ хандаж “Энэ мөчөөс эхлээд та нар ч гэсэн дайсныхаа зүрхийг яг ингэж сугалж байх болно. Хүний зүрхийг амьдаар нь сугалж чадаагүй цэргийг шийтгэнэ” гэж сүрдүүлжээ. Энэхүү балмад явдлыг нүдээр харж, чихээр сонссон дайчилгааны цэргүүд бүгд айцгааж Шанзав яамны тугийн өмнө мөргөж сөгдсөн гэдэг. Тэдний дунд “Цэхэр” Явуу байж. Гэсэн ч тэр дотроо “Би арай ч элэг нэгт монголчуудынхаа элэг зүрхийг хутгаар сийчиж амь зогоохгүй шүү. Үүний оронд уул хаданд дүрвэж гараад эмээлт морины нуруун дээр эр биеийн жаргалыг эдэлж явсан нь дээр юм байна” гэж боджээ. Тэгээд нэг л өдөр оргочихож. “Цэхэр” Явуу эсэргүү нараас зугтаж уул хаданд бүгэж, эр биеийн жаргалыг эзгүй хээр эдэлж явсаар 1942 онтой золгосон байна. Энэ үед мөнөөх эсэргүүнүүд аль хэдийн дарагдаж, харин үүний оронд ард олны сэтгэл зүрхэнд “Дэлхийн хоёрдугаар дайн” гэсэн айдас түгшүүр, амны уншлага бий болсон байв. “Цэхэр” Явуу хэдийгээр уул хаданд бүгэж эр биеийн жаргалыг эдэлж явсан ч эх орон, ард түмэн гэсэн сэтгэл зүрхээ гээсэнгүй. Түүнийг хааяа уулнаас бууж айл хунараар орох үед хүмүүс “Цаана чинь Гитлер гэдэг айхтар мангас бий болоод байна. Удахгүй тэр СССР улсыг эзэлж аваад Монголыг үнсэн товрог болгох юм гэнэ ээ. Хүн болгон л фронтод эд агуурс, адуу мал бэлэглэж байна. Явуу минь чи ч гэсэн фронтод сэтгэлийнхээ бэлгийг өргөх ёстой шүү” гэж ухуулдаг байж. Энэ цагаас эхлээд ямар ч бичиг үсэггүй, тухайн үеийнхээ соёлоос хол хоцорсон “Цэхэр” Явуугийн зүрх сэтгэлд “Гитлерийн Герман”, “СССР улс”, “Фронтын бэлэг” гэх мэтийн сэдэв санаа хуралдах болжээ.

 

Харин энэ үед гай газар дороос гэгчээр хэдэн шунахай хятад “Цэхэр” Явуутай тааралдсанаар мань эр шоронгийн хаалга татсан байна. Нэг өдөр түүнийг уулнаасаа буугаад айл хунараар орох гээд явж байтал арваад хятад жин тээгээд урд зүгийг зорин хөдөлж яваа харагджээ. Явуу тэдэн дээр давхиж очоод “Та нар наад ачаа бараагаа хааш нь авч яваа юм бэ” гэж асуухад “Хай, бид Бээжин хүрнэ ээ. Таньд юу хэрэгтэй вэ” гэж шулганалджээ. Тэгмэгц Явуугийн уур хүрч “Монголчууд дэлхийн дайнд зүдэрч байгаа СССР улсад тус болохоор фронтод алтан бөгж, адуу малаа бэлэглэж байхад та нар яахаараа урагш нь алт мөнгө, ачаа бараа зөөдөг билээ. Цаана чинь дайн болж байна. Үхээрийн муухай та нарын шунал барагдах болоогүй юу” гээд мөнөөх хятадуудыг толгой дараалан ташуурдаж балбаад хамаг эд барааг нь дээрэмдэж аваад ядуу айлуудад тараагаад өгчихөж. Тэгтэл нөгөө хятадууд нь Архангайн цагдаагийн газарт гомдол мэдүүлсэнээр ардын цагдаа нар “Цэхэр” Явуугийн эрэлд мордох нь тэр. Гэвч Явуу энэ үед өөрийгөө зөв юм хийсэн гэж бодож явсан тул цагдаа нарыг юу юугүй ирээд баривчилна чинээ санасангүй. Ёстой л ажиг сэжиггүй, айх аюулгүй байж байгаад баривчлагджээ. Тэгэхдээ бүр унаж явсан “Эгийн саарал” хэмээх алдартай морьтойгоо цуг Архангайн шоронд хүргэгдсэн гэдэг. Энэ үед түүний зүрх сэтгэлд мөнөөх л “Гитлерийн Герман”, “СССР улс”, “Фронтын бэлэг” гэх мэт нь хуралдаж байсаар нэг өдөр шоронгийн харгалзагч нарт хандаж “Би саарал морио фронтод бэлэглэе. Надад байгаа ганц өмч маань л энэ шүү дээ. Та нар өвөл болохоор саарал морийг маань аягүй бол идшинд хэрэглэчих байх. Миний саарал морь бол идшинд хэрэглэж хэрхэвч болохооргүй сайн хүлэг. Ээ дээ, та нар минь өчүүхэн миний хүслийг ёсоор болгож үзээрэй” гэж гуйсан гэдэг. Гэвч цаадуул нь түүний үгийг өчүүхэн ч тоосон шинжгүй “Зөвлөлт гүрэн чиний энэ муу адсагаар л дутаж гэнэ дээ” гэх зэргээр шоолж хөхрөлдөөд л өнгөрсөн байна. Нэг өдөр “Цэхэр” Явуу нарлагаанд гарахдаа мөрдөнгийн хашаанд уяатай байсан саарал морио хараад нүднээсээ нулимс унагаж “Миний морийг фронт руу явуулаагүй байсан юмуу. За яахав. Та нар яахаа өөрсдөө мэд. Харин би хурдан саарал морио мөрдөнгийн хашаанд унаж хийморио нэг сэргээмээр байна. Би та нараас өөр юм шаардахгүй. Надад ганцхан үүнийг л зөвшөөрчих” гэж үнэн сэтгэлээсээ гуйжээ. Харгалзагч нар түүнийг өрөвдсөн ч юмуу “За яахав, та саарал морио унаад мөрдөнгийн хашаан дотуур ердөө гуравхан тойрно шүү” хэмээжээ. Төдөлгүй “Цэхэр” Явуу хурдан саарал морио унаад мөрдөнгийн хашаан дотуур давхиж гарсан бөгөөд гурав дахь тойргоос эхлээд морио улам хурдлуулж байгаад захиргааны жижиг модон амбаар луу чиглэж очоод ганцхан харайлгаад л дээгүүр нь гараад цааш давхиж одсон гэдэг. Ингэж тэр мөрдөнгөөс морьтойгоо цуг оргосон түүхтэй юмсанж. Энэхүү гайхалтай үйл явдлыг зохиолч О.Цэнд 1980-аад оны үед “Эгийн саарал” хэмээх тууждаа дүрсэлж байлаа. Хэрхэн дүрсэлсэнийг өдгөө уншвал сонин байх болов уу. “....Шоронгийн харгалзагч Чимэд “Цэхэр” Явууд хандаж “Чиний тэр яндан саарал морь чинь ямар ид шидтэй юм бэ? Түүнийхээ тухай ярь” гэжээ. -Миний “Эгийн саарал” уу? Эвий минь унаган цагаас нь эхэлж малласан юм. Тэрний тухай ямар юмаа ярихав. Наддаа л хан бүргэд. Харин би саарал морио Зөвлөлтийн улаан армид бэлэг болгож байна гэхэд тэр хүн намайг ойлгосонгүй. Чи хэргээ л хэл. Чам шиг хулгайчийн ганц мориор Зөвлөлт гүрэн дутахгүй гэж хэлсэн. Миний “Эгийн саарал” ч унасан хүнээ зорьсонд нь хүргэж, ганц удаа ч болов чухал юмнаас амийг нь авраад гарч чадах унаа юмсан. Уг нь энд биш, тэнд л нисч явмаар байна. За тэгээд санаагаар болох биш дээ гэж газар шагайжээ. “Цэхэр” Явуу гэгдэх давжаа биетэй тавь гаруй насны эрийг харж суусан мань Чимидэд өрөвдөж, талархах ч гэх үү дээ хаашаа юм бэ нэг бодол цухуйж шүү. Тэгээд “Одоо энд хэн л ирэв гэж. Морийг нь үзүүлж, өөрийг нь унуулъя. Энэ Цэхэр золигоос өмнө тэр хэл мэдэхгүй адгуус ганц ч болсон баярлаг. Ер нь хараажаар санаагаар унаж, удахгүй үхэх нь байна. Тэгээд ч энэ хашаанаас гараад явчихна гэж байхгүй” гэж санаад Явууг дагуулан морин дээр нь аваачжээ. Явууг шүдгүй амаараа ганц исгэрэхэд “Эгийн саарал” гэдэг их давааны нэртэй содон саарал морь хэвтэж байсанаа ухасхийн босоод яав гэлтэй янцгаажээ. Явуу саарал мориныхоо хүзүүнд зүүгдэж аваад их л энхрий дотно үг урсгаж “Чи минь ийм ч болчих гэж дээ” хэмээн нүднийхээ нулимсыг цувуулжээ. Үүнийг хараад Чимэд “Үгүй гэм. Энэ хүний цэхэр нүднээс нулимс цувж байхыг бодоход таг сохор биш байх нь ээ” гэж хаа хамаагүй юм боджээ. “Хайрт эг минь, хань минь чамайгаа өөрийнхөө гараар ганц өвс хазуулдаг ч болоосой. Хүлэг минь, хүү минь” гэж мориныхоо хүзүү толгой, суга цавийг маажиж малтахад саарал морь Явуугийн нүцгэн толгойг цагаан уруулаараа үрчин байх нь амраг нөхрөө үнсэн таалах мэт. -Хөөе. Чи наадахаа унаад энэ хашаан дотор тав тойроод буу! Саарал морины чинь хөлийн чилээ ч гараг гэж Чимидийг хэлэхэд “Цэхэр” Явуу чихэндээ итгэсэнгүй бололтой нэг хэсэгтээ түр алмайрсанаа хэдэн морь адгуулах саравчнаас морио хөтөлж гараад ногттой чигээр нь зайдан мордов. Энэ сайхан учралыг аль болохоор удаан эдлэх гэсэн шиг саарал морь эхний тойролтонд их л удаан алхах ажээ. Хэд алхсаны дараа уяаны нохой суниах аятай бүх үе мөчөө сарвайлган суниана. Хашааны нөгөө хаяанд гарангуутаа Явуу бөхийж мориндоо нэг юм яриад байх ажээ. Чимид ч өнөөх хүлэг минь, хүү минь гэж хүнтэй ярих мэт арга тасарсан үгээ үглэж яваа биз гэж санасан билээ. Хоёр дахь тойрогоос шогшиж, гурав дахиас салхин арилжаанд оруулж гэнэ. Эгийн саарал дөрвөн дэх тойрог дээрээ харайж эхлэв. Харж суусан Чимидэд харайх нь хаа очиж сайнгүй юм хэмээн чамлагдаж байлаа. Тав дахь тойрог эхэлмэгц Явуу нэг л жигтэй хачин гуаглажээ. Саарал морь хашааны тэртээ баруун хойд хаяанд байгаа өнөөх муу омбогор конторын зүг хоёр чихээ шууж, яг л дайрч байгаа харцага шиг шуумайн давхих нь хөлгүй юмаар гулгах мэт харагджээ. Чимидийг харсаар байтал Явуугийн хоёр дахь гуаглалтаар нэг давхар конторын байшингийн дээвэрт дөрвөн туурай нь харагдаад, нисээд явчих шиг болжээ. Чимид харсан чигтээ улайран байгаа тэнгэрийн хаяа тийш удтал харав. Жаргаж байгаа нарны туяанд өчүүхэн хар үүл улам жижигрэн үзэгдэх нь түрүүчийн саарал морь, “Цэхэр” Явуу хоёр нисч тэнд хүрсэн юмуу гэлтэй. Болдоггүй хулгайчид морийг нь унуулаад албаар оргуулан гаргаснаас өөрцгүй хэрэгтээ балмагдаж орхисон Чимидэд хашааны цаана морь, хүн хоёр шургаж унаад хэвтэж байгаа болов уу гэж санагдахаар нь хаалга тийш сая гүйжээ. Тэгээд хашаа тойрч хартал тэнд юу ч алга. Нэг хар нохой л шиншиж явав гэнэ. Буцаж харуулын шовгортоо гараад ийш тийшээ харжээ. Ойр хавьд нүдэнд торж, сэтгэлд сэрдхийлгэмээр юм даанч үгүй гэнэ. Цэцэрлэг хотын хаа нэгтэй ямаан бүрээний хахиран чарлах мэт дуу гарах нь уур хүрмээр байсан гэнэ. Явууг саарал морьтой нь хамт нисгэж орхиод оронд нь Чимэд өөрөө шоронд суужээ. Суух суухдаа Явуутай ямар холбоо сүлбээтэй, хорих газраас морийг нь унуулж эрх мэдлээ ашиглан гаргасан. Санамсаргүй хэрэг огт биш. Яав ч урьдын учир холбогдол бий гэх зэргээр түүнийг их л хоргоожээ. Ингээд Чимид маань хорих газрын итгэл хүлээсэн хуяг байтугай хулгайчийн нууц гар хөл гэж сэрдэгдэн бөөн гайд хавчуулагдаад авах нь тэр. Олон жилийн оргодол хулгайчийг эрт өнгөрсөн үеийн төлөөсөөр үү, ирэх нэгэн цагийн авцаагаар уу, яагаад гаргаж тавьсан юм бэ гэдэгт орооцолдож орхих нь тэр. Сүүлдээ хэлэх ч үгээ дуусчээ. Гэтэл Явуутай ердөө хэдхэн сарын дараа улаан нүүрээрээ уулзах нь тэр. Явуу аглаг хээрээр гэр хийж, зун намрын цэцэг, ногооны шимээр саарал морь нь хангайн халиун буга шиг сайхан амьтан болжээ. Хүч гүйцсэний дараа Зөвлөлтийн улаан армид морьд бэлэглэсэн агтны тууварч нартай уулзаж захиагаа захиж, хүслээ гүйцээсэн юм байх. Мань эр алдарт “Эгийн саарал”-аа бэлэгний агттай бүр хил давуулж өгөөд сая санаа нь амарсан аж. Тэгээд өөрийнхөө оронд гэмгүй хүн хийлгэснээ цагаатгахаар хэд хоногийн өмнө бусдын хүчээр ч биш, хуулийн эрхээр ч биш, өөрийнхөө хөлөөр аймгийн прокурорт ирсэн нь тэр ажгуу. Тийнхүү Чимид, “Цэхэр” Явуу хоёрын үнэн мөн нь ялгагдаж, хэрэгт дуртайгаас биш бусдын өчүүхэн үнэн сэтгэлийн цагаанд чихэр харсан хүүхэд аятай баярлаж орхидог сайхан санаат Чимид маань наранд гарсан нь тэр юмсанжээ. “Цэхэр” хэмээх Явуу цэвэр замаар яваагүй ч гэлээ мөс чанар сайтай жинхэнэ эр хүн ажгуу” хэмээжээ. Архангайн “Цэхэр” Явуу Монголын уран зохиолд энэ мэтээр мөнхөрчээ. Тэрбээр “Эгийн саарал” морио фронтод бэлэглэчихээд Архангай аймгийн прокурорын газарт өөрийнхөө сайн дураар ирж үнэн учраа мэдүүлээд шорондоо буцаж орсон гэдэг. Гэсэн ч түүний өгөөмөр шударга зан, үнэн зөв сэтгэлийг социалист төр засаг үнэлээд нэг их удаалгүй шоронгоос сулласан байна. Тэглээ ч хээрээр гэр, хэцээр дэр хийж эр биеийн жаргалыг эдлээд сурчихсан “Цэхэр” Явуу энгийн амьдралд дассангүй. Мань эр мөнөөх л уул хадандаа бүгэж, хол ойр хазаар гүйлгэж байсаар 1950-иад оны үед дахиад шоронд орсон гэдэг. Түүнийг жар гаруй насандаа шоронд өөд болсон тухай Архангай нутгийн зарим хөгшчүүл дурсдаг юм.

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ