Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд  өнөөдөр 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.  1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон МАХЦ-ийн дивизүүдийн тугийг залж, тус аймаг  дахь  Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд цэргийн ёслолын жагсаал алхлаа. Харин үдээс хойш   Зэвсэгт хүчний 084 дүгээр анги шүхрийн буулт, гардан тулааны үзүүлэх тоглолт, ЗХЖШ-ын дэргэдэх Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, "Бид ялав" үзэсгэлэнгийн нээлт, баярын хурал, ЦДБЭЧ-ийн уран бүтээлчдын хүндэтгэлийн тоглолт болно. Арга хэмжээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, ахмад дайчид, орон нутаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцож байна. Их жанжнаараа овоглосон Сүхбаатар аймгийн ард түмэн эх орноо батлан хамгаалах, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, залуу үеэ эх оронч үндэсний үзлээр хүмүүжүүлэхэд их хувь нэмэр оруулсан.  ХХ зууны эхэн үеэс энэ нутагт ардын хувьсгалт цэргийн анги, салбар болон хязгаарын цэргийн отряд, заставууд байрлаж эх орныхоо аюулгүй байдлын манаанд соргогоор зогсож ирсэн гэдэг. Дэлхийн II дайны жилүүдэд энэ нутагт тухайлбал, Байшинтад Монгол ардын хувьсгалт цэргийн 7 дугаар морьт дивиз байрлаж байсан.  БНМАУ Чөлөөлөх дайнд орох үед Тамсагбулаг, Матад, Өндөрхаанд байрлаж байсан морьт дивизүүд Зөвлөлтийн улаан армийн ангиудын хамт Дарьганга сумын нутагт хүч хуралдуулж, улмаар 1945 оны 8 дугаар сарын 9-нд Долоннуур-Жэхэгийн чиглэлээр дайнд орсон түүхтэй.

Сүхбаатар аймагт энэ өдөр ялалтын баярыг тэмдэглэж байгаа бол Дорноговь аймагт энэ сарын 21-нд мөн адил ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Харин нийслэлд энэ сарын 28-нд ялалтын баярт зориулсан арга хэмжээ үргэлжилнэ.  Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн концерт, цэрэг дайчдын хөшөөнд цэцэг өргөж  хүндэтгэл үзүүлэх ажиллагаа зохиохоор Батлан хамгаалах яамнаас төлөвлөөд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 1 дүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Уг зарлигийн дагуу Засгийн газрын тогтоол гарч ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ахлан ажиллаж байна.