Эмчилгээ асаргаа шаардлагатай 0-3 нас хүртэлх хүүхдийг асран хамгаалах үүрэгтэй Хүүхдийн төв сувилалд өнөөдрийн байдлаар 90 гаруй хүүхэд байна. Тэдний талаас илүү нь  эрүүл ч  эцэг эхдээ хаягдаж энд иржээ.

1966 онд “Хүүхдийн сувиллын ясли” нэртэйгээр байгуулагдаж байсан Хүүхдийн төв сувилал нэртэйгээр өнөөдөр  сувилал, цэцэрлэгийн  байдалтай байгаа. Ихэнх хүүхэд нь тураалтай, рахиттай, цус багадалттай болохоор  багш, сувилагч нар нь ачаалал ихтэй ажилладаг байна.  

Эцэг эхийн хайраар энхрийлүүлж хорвоог таньж мэдэрдэг насан дээрээ тэдэнд гологдсон гэж хэлж болох  50 гаруй хүүхэд уг төвд байна.  Нялх байхад нь хаячихсан учраас хүүхдийн төв сувилалын асрагч багш нар тэднийг асран халамжилдаг.

Сүүлийн жилүүдэд нярай хүүхдээ хаях тохиолдол нэмэгдэж эхэлсэн. Эдийн засгийн хүндрэл, Иргэдийн амьдралын түвшинтэй зайлшгүй холбоотой. Гэхдээ өөрөөсөө гарсан нялх үрээ хаяж байгаа эцэг эхчүүдийн сэтгэхүйд өөрчлөлт хэрэгтэй байгааг хүүхдийн сувилалын багш нар хэлж байна. Ядаж л төрүүлсэн, үрчилж авсан хүүхдээ хаясан бол тав хүртэлх жилийн ялаар шийтгүүлдэг хуулийн зохицуулалт байдгыг мэдэх учиртай.

Мөн тус төвд нийгмийн эмзэг бүлэг буюу гэр оронгүй, орц гудамжаар явдаг, аав, ээж нь шүүхээр эрхээ хасуулсан, бүтэн өнчин гэх хүүхэд дүүргүүдийн Засаг даргын захирамжаар энд ирдэг юм байна.

Эдийн засаг хүндэрч байгаа гэх ганцхан шалтгаанаар төсөв нь жилийн жилд багасч байгаа.  Тиймээс Хүүхдийн төв сувилалд байгаа эдгээр хүүхдүүдэд туслах дэмжих иргэдийн тоо нэмэгдсээр байгаа. Сайхан сэтгэлт байгууллага хамт олон өөрсдийн санаачлагаар нэгдэж мөнгө, эд бараагаар туслахаас гадна хүүхдүүдийг салхилуулах зэргээр туслалцаа үзүүлэх болжээ.Харин сайхан сэтгэлийн хариуд бяцхан хүүхдүүд өөрсдийн авьяасаа үзүүлж бэлэг барьдаг байна. Тиймээс иргэд, хамт олны тусламж дэмжлэг дэм болдоыг  тус хамт олон хэлж байсан.

  Аав ээж гэдэг хүнийг асрагч багшаараа төсөөлөх тавилантай хүүхдүүд бага байгаасай гэж хүүхдийн төв сувилалынхан хүсдэг байна.