2015 оны 8 дугаар сарын 19-ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 305 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  236 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12 бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд  сургуулийн насны 2, сургуулийн өмнөх насны 2 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 3  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

 

Тухайлбал: СБД-ийн нутаг Их сургуулийн гудамж Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн баруун замд Т.Королла маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч 07 настай эмэгтэй Е нарын 2 хүнийг гэмтээсэн.

СХД-ийн нутаг Нарангийн голын зам, Гүнгэрва худалдааны төвийн зүүн замд Х.Верна маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 35 настай эрэгтэй Н-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан.

Архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, оролцож яваад зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал буурахгүй байна.

2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шинэчлэн батлагдсан  Монгол улсын Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хууль 2015 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөгдөнө. Шинэчлэн батлагдсан хуулинд:

 27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

  27.2.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

 27.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

27.4.Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна гэж

Хэрэв явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол:

54.4.Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

          54.5.Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан байна.

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байгаа тун удахгүй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатайгаар  замын хөдөлгөөн тэр дундаа явган зорчигчийн хөдөлгөөн эрс нэмэгдэж хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал нэмэгддэг. Шинээр батлагдсан хуулинд эцэг эх, асран хамгаалагчтай холбоотой заалтыг тусгаж өгсөн байна.

13.2.7.Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх; 54.6 –д .Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.