НАМЭХ-ны төвийн бүсийн долоон аймгийн 250 гаруй эмэгтэйчүүд оролцсон чуулган энэ сарын 21-22-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн чуулган МАН-ын санаачилсан “Бид хамтдаа” аяны хүрээнд болж буйгаараа онцлогтой юм. Төвийн бүсийн чуулганы нээлтэд зориулж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ “Манай нам бусад улс төрийн намуудад жишиг болох санал санаачилга анхлан гаргаж, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр намынхаа дүрмэнд 25 хувийн квот оруулсан нь  эмэгтэйчүүдээ дэмжиж ирсэн баялаг уламжлалаа түүчээлэн дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлсэн улс төрийн томоохон шийдвэр болсныг онцолмоор байна. Намынхаа шийдвэрийг бодит ажил болгоход эмэгтэйчүүд та бүхний идэвхитэй оролцоо, хамтын эв нэгдэл, сонгогч олон түмэнд өөрсдийгөө таниулах хүчин чармайлт маш чухал” гэсэн юм. Харин НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа “Нийгэм өнөөдөр хүссэн ч эс хүссэн ч эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрч байна. Эмэгтэйчүүд шинэ мэдлэг, мэдээлэл авах, нийгэмтэйгээ ойр байх, үүнийхээ үр дүнд өөрсдийнхөө манлайлалыг дээшлүүлэх тухайн хариуцаж байгаа ажил, салбартаа амжилт гаргах олон хэрэгтэй мэдээллийг чуулганаар олгож буйгаараа онцлог” гэлээ. Түүнчлэн УИХ-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүдийн өмнө тулгардаг асуудлыг тусгуулахаар ажиллах болно гэдгээ ч хэлж байсан юм. Төвийн бүсийн чуулганаар улс төр, эдийн засаг, хувь хүний хөгжлийн талаарх олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьсан юм.