Монгол Улсад хавдрын өвчлөл маш өндөр байгаа ч эмнэлгийн байр, тоног төхөөрөмж, эмчилгээний асуудал нэлээд хүндрэлтэй байгаа.

Тэгвэл энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар: Хавдар судлалын үндэсний төв нь хорт хавдрыг хянах бодлогын асуудлыг улсын хэмжээнд хариуцан, орон нутгийн эмнэлгүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг байна. Түүнчлэн хавдрын эмчилгээ, оношлогооноос гадна туяа, хими, хөнгөвчлөх эмчилгээ зэрэг III зэрэглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлдэг байна.

2014 онд Монгол Улсын хэмжээнд 5483 хүн хавдар туссан болох нь оношлогдон, уг өвчлөлөөр 3536 хүн нас барсан нь нийт нас баралтын 22 хувь юм байна. 2005 онд 100.000 хүн тутамд хавдрын 133 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2014 онд 100.000 хүн тутамд 86 тохиолдол бүртгэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. Тэр дундаа элэг, ходоод, улаан хоолой зэрэг хоол боловсруулах замын хорт хавдар болон уушигны хорт хавдар нийт өвчтөнүүдийн 75 хувийг эзэлдэг байна. Монгол Улсад элэгний хорт хавдар 100.000 хүн тутамд 61 тохиолдол байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд 1, 100.000 хүн тутамд ногдох ходоодны хорт хавдрын өвчлөлөөрөө 2-т бичигддэг байна. Монголчуудын хувьд ихэнхдээ хорт хавдрын хожуу шатанд оношлогоо хийлгэдэг”

Өвчлөл их байгаа болохоор өргөтгөлийн ажилд анхаарал хандуулах шаардлага байгааг тэрбээр мөн хэлж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга барих шийдвэр 2011 онд гарч, барилга угсралтын ажил эхэлсэн байна. 2013, 2014 онд санхүүжилт зогссон учир барилгын ажил явагдаагүй бөгөөд 2015 онд санхүүжилт хийгдэж, барилгын ажил үргэлжлэн явагдаж байгаа аж. Тус өргөтгөл нь зоорийн давхар болон эмчилгээ, үйлчилгээний зориулалттай нийт 4 давхар 5200 м2 талбай бүхий барилга юм.

Тус барилгыг ашиглалтад оруулснаар нийт хавдраар өвчлөгсдийн 40 орчим хувийг эзэлдэг элэгний хавдрын мэс заслын төв, одоо хамрагдвал зохих өвчтний тал орчмыг хамруулдаг туяа эмчилгээний тасгийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэх аж. Мөн хэвтэн эмчлүүлэх 80 ор нэмэгдэж, үүний үр дүнд тус төвийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 30-40 хувиар нэмэгдэх юм байна. Нийт 4 блокоос бүрдэх барилгын хоёр блокын дотор заслын ажил явагдаж байгаа бол туяа эмчилгээний тоног төхөөрөмж байрлуулах блокын цутгалтын ажил хийгдэж байгаа юм байна.

ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 2012 онд Улсын Их Хурлын соёрхон баталсан Австрийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдэхээр тусгасан. Тоног төхөөрөмжүүд гааль дээр ирсэн бөгөөд өргөтгөлийн барилгын ажлын санхүүжилтээс үүдсан удааширлаас болж хүндрэл үүсээд байгааг тус төвийн захирал Л.Төмөрбаатар танилцуулав. Уг өргөтгөлийн барилгын нийт төсөв 5.597.4 сая төгрөг бөгөөд үүнээс 2.955.4 сая төгрөгийн санхүүжилт бүхий ажил гүйцэтгээд байгаа юм байна. 2015 онд 1.088.0 сая болон 2016 онд төсөвлөгдөх 1.554.0 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвт тусгах асуудалд анхаарал хандуулан, шийдвэрлүүлэх шаардлага байгааг хэлж байна.