Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Алагийн гүүр” гэдэг газар автозамын зорчих хэсэгт 34-41 УНБ улсын дугаартай суудлын автомашин, улсын дугааргүй “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна. Энэ тухай дуудлага 2015.10.29-ний өдрийн 17:40 цагт ОБЕГ-т ирснээр Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Ш /48 настай, эмэгтэй/, С /47 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдсан байсныг гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

Дээрх иргэдийг нисдэг тэргээр Улаанбаатар хотод авч ирэх хүсэлтийг ар гэрийнхэн нь гаргасан тул “А-Жет-Авиэйшн” ХХК, “Томас-Эйр” ХХК, “МАК” ХХК, “Блю Скай-Авиэйшн” ХХК, “Геосан” ХХК, Зэвсэгт хүчний 303 дугаар анги, 337 дугаар анги зэрэг байгууллагуудад хандсанаас Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Ми-8 нисдэг тэрэг Улаанбаатар-Дорноговь аймаг-Улаанбаатарын чиглэлд 2015.10.30-ны өдрийн 06:45 цагт Улаанбаатар хотоос хөөрч Дорноговь аймгийн Сайншанд суманд 2015.10.30-ны өдрийн 08:20 цагт газарджээ.