Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны хажууд автобусны эцсийн буудал шинээр баригджээ. Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-Эх, Цайз дахь ажлын албанд тус хорооны иргэд 1.5 км зам туулан автобусанд сууж байгаа талаараа санал хүсэлт ирүүлсэн байна.

Иргэдийнхээ хүсэлтийг судалж үзэн “Ганц худаг-Мишээл экспо” гэсэн 10 номерын автобусыг тус чиглэлд явуулж эхэлжээ.

Энэ талаар тус хорооны зохион байгуулагч Б.Баярцолмонгоос тодруулахад “Шинэ автобусны буудал байгууллагдсанаар 400 өрхийн 2000 гаруй иргэн хол алхалгүй нийтийн тээврээр зорчих боломжтой болж байгаа юм” гэлээ.

Мөн шинээр ашиглалтад орсон II цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг, эхчүүд нь өвлийн хүйтэнд дааруулалгүй автобусаар зөөх боломж нээгдэв.

“Ганц худаг-Мишээл экспо” автобус нь Хавдар судлал, Сансар, Дарь-Эхээр дайрах юм байна.

Сайнбуян