Хөвсгөл аймаг дахь хилийн 0257 дугаар ангид тус нутгийн малчид 15 агт морьдыг хилчдэд гардуулжээ. Улсын хил хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байгаа хилчин бүрт гурван уналгын морь олговол уналгын бүрэн байдлыг хангадаг гэнэ.

Хөвсгөл аймгийн 314 мянгат малчид санаачилга гарган хил хамгаалах үйл ажиллагаанд зориулж, нэг агт морь хандивлахыг хүсч “Нэг мянгат-нэг агт” хөдөлгөөнийг өрнүүлж эхэлжээ. Энэ хөдөлгөөнд Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган сумын иргэд идэвхитэй оролцож, 15 агт морьдыг хилчдэд гардуулав.

Уг нутгийн хилийн орчмын хэсгүүдээр хур тунадас ихээр унадаг, байгалийн бартаа ихтэй, өндөр уул, сарьдаг, хад асга, гуу жалга, гол мөрөн, намаг шалбаагтай ой тайгын хэсгээр хилчид явж үүрэг гүйцэтгэдэг байна. Хилчид хилийн манаанд морин уналгатайгаар 10 хоногоос нэг сарын хугацаатай үүрэг гүйцэтгэдэг учир морьдыг эргэж уналгын эдэлгээ даах хүртэл доод тал нь хоёр сар унаж болдоггүй аж.

Монгол Улсын хоймор нутагт байрлах Хөвсгөл аймаг хойд талаараа ОХУ-ын Тува, Буриад улсын муж, аймаг хоттой Монгол улсын хилийн 8/1 хэсэг болох 1027 км нутгаар Цэцэрлэг, Цагаан-Уул, Баянзүрх, Улаан Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумуудтай хил залгаа оршдог.

Сайнбуян