Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг хэрэгт холбогдуулан аравдугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө гэрээс нь баривчилсан билээ.

Тодруулбал түүнийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл буюу Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, 1661 буюу Мөнгө угаах гэх зүйл заалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм байна.

Тухайн үед Б.Батзаяатай хамт Зам тээврийн яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал Ж.Бат-Эрдэнэ нарыг ч мөн баривчлахаар тушаал гаргасан байжээ. Гэтэл нөгөө хоёрын нэг нь Сингапур, нөгөөх нь Австрали руу явчихсан байж. Өөрөөр хэлбэл өөрсдийгөө баривчлагдахыг мэдээд зугтаачихсан юм байна.

Мөн үүнээс гадна Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонголсын “Самсунг СТ” компанийн захирлыг саатуулсан гэх мэдээлэл бий. Тэднийг Ухаа худаг- Гашуун сухайт чиглэлийн төмөр замын асуудлаар шалгаж эхэлсэн бололтой. Учир нь Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг гүйцэтгэхээр ямар ч тендер зарлалгүйгээр “Самсунг С&Т” компанийг сонгосон талаар албаны эх сурвалж мэдээлж байгаа юм.

Анх 2013 онд Засгийн газрын тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д 1800 км төмөр замын суурь бүтэц “барих-ашиглах-шилжүүлэх” тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Тус компани Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын “Барилгын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ”-г 2013 оны 5 дугаар сард Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанитай байгуулж, Чингис бондоос 200 сая ам.долларын санхүүжилт олгосон байдаг. Гэтэл одоо тус төмөр замын газар шорооны ажил 70-80 хувьтай явж байгаа бөгөөд төмөр замын ажил бүтээн байгуулалтын ажил зогсоод жил болох гэж байна. “Самсунг С&Т” компани монголын туслан гүйцэтгэгч 13 компаниар газар шорооныхоо ажлыг хийлгэсэн байна. Тодруулбал, "Эсто" ХХК, "Нутгийн буянт" ХХК, "Мап Роуд" ХХК, "Хотын зай" ХХК, "Билэгт зам" ХХК, "Бидний зам" ХХК, "Дардан говь" ХХК, "Сино хядро" ХХК гэсэн компаниудтай гэрээ хийн ажлаа эхэлсэн байна. Өмнөд Солонгосын гэгдэх “Самсунг С&Т” ХХК нь Чингис бондооч 200 сая ам долларын санхүүжилт авчаад туслан гүйцэтгэгч компаниудад ажлын хөлсийг нь дутуу өгсөн байна.

Тэгэхээр хамгийн их маргаан дэгдээж байгаа асуудал нь Өмнөд Солонгосын гэгдэх “Самсунг С&Т” гэх компани монголын компани аж. Өмнөд Солонгостоо "Самсунг СТ" гэх компани байдаг ч монголд үйл ажиллагаа явуулсан “Самсунг С&Т” компани ч хамаагүй юм байна. Үнэн хэрэгтээ хуурамч компани байгуулж манай туслан гүйцэтгэгч 13 компанийг доороо ажиллуулж бас болоогүй мөнгөө өгөөгүй луйвардсан байна.

Ямартай ч дээрх асуудлаас үүдэн улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаад эхэлчихлээ.Тиймээс Б.Батзаяа болон БНСУ-ын иргэн Li Yong, мөн Монгол Улсын иргэн З, Б нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Н.Ганчимэг