Нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар шалгаж эхэлжээ.

Тодруулбал Нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж, нас барсан ахмадуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан бөгөөд одоогоор 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байгаа аж.

Үүнээс өмнө мөн халамжийн ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшсан хэрэг орон нутагт гарч шүүхээр шийдэгдэж байсан аж. Ар гэрийнхэн нь на барсан ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд тэдний нэрийг улсын бүртгэлээс хасдаггүй бөгөөд харин ч арилжааны банктай хуйвалдан талийгаачдыг амьд мэтээр улсаас тэтгэврийг нь авсаар байжээ.

Мөрдөн байцаалт өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, хороо дүүргийн холбогдох ажилтнууд холбогдож байгаа нь зохион байгуулалттай гэмт хэрэг гэдгийг цагдаагийн эх сурвалж хэлж байна. Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй ч үлэмж их хэмжээний мөнгөн дүн яригдаж буй аж. Энэ хэрэг зөвхөн сүүлийн үед бий болсон биш олон жилийн турш бугшиж ирсэн талаар албаныхан ярьж байна.

 

Н.Ганаа