Нас барсан иргэдийн нэрээр Нийгмийн даатгалын ажилтнууд улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа билээ. Уг хэрэгт нас барсан 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байгаа юм.

Иргэдийн хувьд өөд болсон хүмүүсийнхээ бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн албаны ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасдаггүй байжээ. Тэд арилжааны банкуудтай хувилдан талийгаачдын тэр дундаа ахмад настны тэтгэврийг жилээр нь зээл хэмээн авдаг байжээ.

Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулахад “Хэд хэдэн газарт ийм хэрэг гарсан. Гэхдээ бид дотоод хяналт шалгалтаараа илрүүлсэн. Тэглээ ч хэрэг үйлдсэн ажилтнууд 140 сая төгрөгийн хохирол учруулсан байсныг тогтоон буцаан барагдуулж дууссан” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Иргэдийн хувьд нийгмийн даатгалын хууль амьдралд бүрэн нийцэж чаддагүй, насаараа нийгмийн даатгал төлчөөд тэтгэвэрт гарах насан дээрээ нас бардаг тул үр хүүхдэд нь тэтгэврийг нь өгч байх нь зүйтэй хэмээн ярьдаг. Уг хэргийн улмаас талаагаачдын ар гэрт гомдолтой байхаас гадна татвар төлөгчдийн мөнгө хэдэн хүний халаас руу зүгээр орж байгаад иргэд бухимдалтай байна.

Уг хэргийг цагдаагийн байгууллага өргөн хүрээнд шалгаж байгаа гэсэн юм. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Нийгмийн даатгал, арилжааны банкуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Улсад онц хэмжээний хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 148.4-т заасны дагуу шалгалтын ажлыг хөдөө орон нутаг, нийслэлийн хэмжээнд хийж байна. МХЕГ-аас шинжээчдийн дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын өгсөн мэдээлэл худлаа. Манай дээр бол нэлээн олон тэрбумын асуудал яригдан, шалгагдаж байна. Хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байна” гэсэн юм.

Буянаа