Энэ жилийн хувьд хуурайшилт, зарим бүс нутагт гантай байсан тул тариалсан ургацынхаа талыг хурааж авч магадгүй хэмээн тариаланчид нэг хэсэгтээ үймсэн.

Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сарын 24-30, аравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд нийт нутгаар их хэмжээний хур тундас, нойтон цас орсон нь ургац хураалтын явцийг сааруулсаны зэрэгцээ ургацын хаягдалыг нэмэгдүүлсэн.

Энэ нь урьдчилсан балансаар тогтоогдсон ургац 30 орчим хувиар буурах нөхцөл байдал үүссэн юм. Урьдчилсан дүнгээр энэ онд улсын хэмжээнд нийт 211 мянган тонн үр тариа, үүнээс 200 мянган тонн улаанбуудай хурааж аваад байна. Харин ХХААЯ-наас танилцуулсан ургацын урьдчилсан балансаар энэ онд 265 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай хураан авах төлөвтэй байсан юм. Уг тооцооллоор гурил үйлдвэрлэлд 186.2 мянган тонн буудай нийлүүлэх төлөвтэй байв. Үүн дээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 27.4 мянган тонн буудайг нийлүүлэн тооцвол 213.6 мянган тонн буудайн нөөц бүрдэж, хэрэгцээнд 106.4 мянган тонн буудай дутагдах төлөвтэй гэж мэдээлж байв. Одоогийн дүн мэдээллээр гурил үйлдвэрлэлд 108 мянган тонн буудай нийлүүлсэн байна. Энэ нь гурилын хэрэгцээнд дутагдах буудайн хэмжээ хэд дахин нэмэгдэнэ гэсэн үг.

2013 оноос улаанбуудайг стратегийн хүнсэнд тооцдог болсноор импорт, экспортын асуудалд квот тогтоодог болсон. Ингэхдээ тухайн жилийн ургац хураалтын дүн, хүнсний хэрэгцээт хэмжээнд тулгуурлан жилд хоёр удаа тогтоож, аж ахуйн нэгжүүд гаднаас оруулж ирдэг юм. Энэ жилийн ургац хураалтаас харахад төлөвлөж байсан улаанбуудайгаа хураан авч чадаагүй тул гурил үйлдвэрлэгчдэд хэрэгцээт буудайг хангалттай нийлүүлж чадахгүйд хүрсэн. Иймээс хүнсний нөөц бүрдүүлэх, тарианы үр, улаанбуудайн гадаад худалдааны үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор зохицуулах чиг үүргийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд хариуцуулахаар Засгийн газраас үүрэг болгосон.

Монголчууд бид энэ жил улаанбуудайгаа импортоор авах ч төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээний ургац хураасан. Тоон мэдээллээс харахад 117.3 мянган тонн төмс хураан авахаас 163.9 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо хураан авахаас 71.6 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ.

Сайнбуян