Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдсэн.

Уг сувиллын газрын үндэс суурь анх 1933 онд аж үйлдвэрийн комбинат барьж байгуулах үед 90 гаруй метрийн гүнээс нүүрсхүчлийн хийтэй, төмөртэй рашаан илэрснээр тавигдсан байдаг. Одоогийн газар дээрээ 40 гаруй жилийн нүүр үзэж байгаа барилгын шавыг анх 1969 онд тавьж, 1974 онд сувиллын үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Ийн явсаар 1990 оноос Эрүүл мэндийн яамны харьяанд шилжин улсын төсвөөс санхүүждэг болсон байна.

Монгол Улсын ууган рашаан сувилалд жилдээ дунджаар 10 гаруй мянган хүн эмчлүүлдэгээс 70-80 хувь нь тэтгэврийн насныхан, ахмадууд байдаг. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед ахмад настнуудад харьцангуй хямд үнээр, нийслэл дотроо үйлчилдэг ганц сувиллыг хувьчилснаар үнэ тариф нь хэрхэн өөрчлөгдөж, үйлчилгээ нь ямар түвшинд очих нь тодорхойгүй байгаа. 9300м2бүхий байр, 57954м2 газар эзэмшин үйл ажиллагаагаа явуулдаг тус газар 2006 оноос хойш төрийн өмчит хувьцаат компани болсноосхойш тасралтгүй ашигтай ажиллаж, татвараа төлж ирсэн байдаг. 2014 онд гэхэд бараг хагас тэрбум буюу 485.9 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь үүний нэг баталгаа болно.

Үйл ажиллагаа нь хэвийн, бүр илүү ашигтай ажиллаж байгаа компанийг хувьчлах болсон шалтгаан тодорхойгүй. Ямартай ч энэ сарын 20-нд дуудлага худалдаа болно. Санал болгох доод үнэ нь 15 тэрбум төгрөг байх гэнэ. Худалдан авах гэрээний нөхцөлд “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг 10 жилийн хугацаанд өөрчлөхгүй байх” гэж зааж өгчээ. Мөн тус компанийн “Одоо эзэмшиж байгаа эзэмшлийн газарт эмнэлэг сувиллаас өөр зориулалтаар барилга байшин нэмж барихгүй”, “Дуудлага худалдааны ялагч Төрийн өмчийн хороотой байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний заалтыг зөрчсөн тохиолдолд хувьчлалыг хүчингүйд тооцон, компани болон түүний эд хөрөнгө, газар, компанид оруулсан хөрөнгө оруулалтыг ямар нэгэн төлбөр нэхэмжлэлгүйгээр үл маргах журмаар төрд шилжүүлнэ” гэх мэтчилэн зааж өгчээ. Өөрөөр хэлвэл ойрын 10 жилдээ айх аюулгүй, үндсэн чиг үүргээрээ ажиллаж байгаад цаашдаа яах нь өмчлөгчийн дур болоод байна.

Иргэдийн нэг хэсэг нь үүнийг хэдхэн хүний түрийвчээ түнтийлгэх гэсэн зохион байгуулалттай луйвар гэж харж байгаа. Нөгөө талаасаа хувьчлах нь зүйтэй, ингэснээр үйл ажиллагаа нь илүү эрчимжинэ гэх хүмүүс ч бий.

Гэвч яг л дээрх гэрээтэй ижил нөхцөлөөр хувьд шилжсэн ч одоо хүртэл хэл ам тасрахгүй, үндсэн чиглэл, үйл ажиллагаанаасаа хазайсан гэх хувьчлалын хэргүүд циркээс эхлээд тасрахгүй яригдсаар л байгаа. Эмчилгээ, асаргаа сувилгаа хэрэгтэй байгаа ахмадуудад хөнгөлөлттэй үнээр хүрч үйлчилдэг ганц сувиллыг хувьчилсны дараа өмнөх жишээ давтагдахгүй гэх ямар баталгаа байна?

Г.Түшиг

Эх сурвалж: www.newscom.mn