Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байрны цагдаа, ахлах ахлагч Хувьзаяа тус байранд саатуулагдаж байсан хүний нүдийг сохолжээ.


Энэ хэрэг арваад хоногийн өмнө гарсан бөгөөд хохирогчийн гарыг гавлаж байгаад нүд рүү нь нулимс асгаруулагч хий цацсаны улмаас сохорсон байна. Ахлах ахлагч Хувьзаяад Эрүүгийн хуулийн 96.1-т заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэсэн үндэслэлээр ЦЕГ-ын Тусгай субьектын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа аж. Тус хэргээс гадна Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албаныхан очиж шалгалт хийжээ. Ингэхдээ жирийн иргэнийг үндэслэлгүйгээр хорьсоныг нь тогтоосон байна.

 

Энэ мэт цагдаагийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ хүний эрхэнд халдаж, бие мах бодид нь хүнд гэмтэл учруулсан үйлдлүүд гарчээ. Сүүлийн жилүүдэд цагдаа нарын ажиллах арга барилд өөрчлөлт орж иргэдтэй хүнлэг харьцдаг болсон гэж буй ч энэ нь бодит байдал дээр 100 хувь хэрэгжихгүй байгаа бололтой.

 

Өнгөрсөн зургаадугаар Эмэгтэй хүн зодож буй цагдаагийн алба хаагчийн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж олны дургүйцлийг хүргэсэн. Тодруулбал, ХУД-ийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлагч Э.Баасандорж нь эмэгтэй хүн зодож байгаад бичлэгт өртсөн юм. Түүнийг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэст шалгаж байгаад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гэдэг.

 

Тухайн үед ЦЕГ-аас мэдэгдэл хийж, түүний хийсэн үйлдэлд өмнөөс нь уучлалт гуйж байсан юм. Мөн өнгөрсөн жил Увс аймгийн Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч н.Банзрагч цагдаа нартайгаа нийлж аав шигээ настай хүнийг зодож, хаврын жихүүн шөнө шонгийн модонд нүцгэнээр нь гавлах зэргээр тамласан гэсэн мэдээлэл гарч байсан. Тэрхүү хөгшин настай хүнийг өмөөрсөн залуугийн хавиргыг хугалж, шонгийн модонд гавлаж найман цаг нүцгэн зогсоосон талаар хохирогчийн дүү Ю.Баттогтох тайлбарласан байдаг. Тухайн үед цагдаад зодуулсан иргэн маш хүнд гэмтэж хэвтэрт орсон юм.


Энэ мэт цагдаа иргэнтэй зүй бусаар харьцдаг үйлдлүүд тасрахгүй үргэлжилсээр. Уг нь цагдаагийн албан хаагч иргэнтэй зүй бусаар харьцаж болохгүй гэсэн журам, дүрэмтэй билээ. Харамсалтай нь хууль сахиулагчид маань өөрсдөө хуулиа биелүүлэхгүй байсаар.

 

Дашрамд дурдахад, Алба хаагчийн аливаа хууль зөрчсөн талаарх мэдээ мэдээллийг ЦЕГ-ын 102 тусгай дугаарын утсанд, цахим сайтаар мэдээлэл өгөх боломжтой юм.

24tsag.mn