Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Айрхан” нуураас хужир ачиж байсан “Фуссо” загварын 4,5 тооннын даацтай автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна. Тодруулбал машин 2015.11.20-ны өдрийн 15:00 цагт суусан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 15 хүн, 1 автомашин, 4 тайль, нийт 22 хүн 6 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.21-ний өдрийн 07:00 цагаас татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна. Уг автомашин нь нуурын эргээс дотогш 1 км, хужир ачдаг арлаас 30 орчим метр зайтай, автомашин талдаа ортол усанд орсон, автомашинаар татах боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл мөсний зузаан нь нимгэн газраа 20 см орчим, нуурын усны гүн 3 метр тул аврах ажиллагааг өнөөдрийг хүртэл анхаарал болгоомжтой явуулж байна.