МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн, дугуйчин Ч.Мөнгөндалай эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа өнгөрөгч долдугаар сарын 09-ний өдөр гарсан.

Тэрбээр 136 хоногийн турш 5000 орчим км зам туулан өнөөдөр гэртээ ирлээ. Ингэснээр 2 жилийн хугацаанд дугуйгаар 11200 км зам туулан эх орноо бүтэн тойрч чадлаа.

Өнгөрөгч онд баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 167 хоногийн турш 6 200 км замыг унадаг дугуйтай туулсан бол энэ удаад Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг найман аймаг, Налайх, Багануур, Багахангай гэсэн гурван дүүрэг, 60 гаруй сум, сууринаар, хилийн гурван зурвасаар дайран ойролцоогоор 5000 гаруй км замыг хүрэлцэн ирж буй нь энэ юм. Түүний аялал ийнхүү амжилттай өндөрлөснөөр Монгол улсыг дугуйгаар бүтэн тойрсон тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний хийж буй хамгийн урт бөгөөд хэцүү аялал болон түүхэнд бичигдлээ.

 

Түүний явсан газар бүрт МЗХ-ны салбар холбооныхон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хооллож ундлах, орон байраар хангах зэргээр дэмжлэг тусламж үзүүлж байсан юм. Аялах хугацаанд нь өлсөж цангахаас эхлээд хөдөө хээр хонох, хээрийн боохойтой нүүр тулах гээд олон бэрхшээлтэй учирч байсан хэдий ч чин үнэнч зориг, хүсэл эрмэлзлэл байхад ямар ч зүйлийг хийж болдог гэдгийг Ч. Мөнгөндалай Монгол түмэндээ батлан харуулав.