Монгол Ардын Намын бага хурлын III хуралдаанд Монгол Ардын Намын дарга М.Энхболдын тавьсан улс төрийн илтгэл

Намын бага хурлын гишүүд ээ!

Эрхэм журмын нөхөд өө!

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье!

Өнгөрсөн бага хурлаас хойш жил гаруй хугацаа улиран одож, улс орны болон манай намын амьдралд ихээхэн өөрчлөлт гарсан цаг үед ээлжит бага хурал хуралдаж байна.

Олон мянган иргэн дундаж давхрагаас ядуу эмзэг бүлэгрүү шилжиж, төр засаг, ирээдүйдээ итгэх итгэл нь суларч улс орны хувь заяа тун эгзэгтэй агшинд тулж ирээд байна.

Энэхүү амаргүй нөхцөл байдалд УИХ, орон нутгийн ээлжит сонгууль болохоор байгаа бөгөөд ард иргэд аль улс төрийн нам, эвсэлд итгэл үзүүлж, эх орныхоо хувь заяаг даатгах вэ хэмээн ирэх сонгуульд ихээхэн ач холбогдол өгч байна.

Тийм ч учраас улс төрийн ууган хүчин МАН-ын ээлжит бага хурлыг олон нийт, хэвлэл мэдээлэл анхааралтай харж, нөхцөл байдалд өгч буй үнэлэлт дүгнэлт, санал болгож буй гарц шийдэл, намын гишүүдийн идэвх оролцоо, эв нэгдэл зэргээр биднийг дүгнэх нь зайлшгүй.

Бидэнд асуудлаас хойш суух эрхбайхгүй. Харин эгзэгтэй энэ цаг үед эх орныхоо язгуур эрх ашгийг эрхэмлэн үйл явцад улс төрийн үнэлэлт, дүгнэлт өгч цаашдын зорилтоо тодорхойлох нь манай энэ удаагийн бага хурлын гол зорилго юм.

Нэг. Үүсэн бий болсон улс төрийн нөхцөл байдал, цаашдын төлөв

Монгол Улс хөгжлийн шинэ сонголт хийсэн 25 жилд алдаа, оноо их байсан ч, Ардчилсан нам голлож засгийн эрх барьсан сүүлийн гурван жил гаруй шиг улс төрийн харалган бодлого явуулж, эдийн засгаа тартагт нь тултал доройтуулж байсангүй.

Ард түмэн сонгуулиас сонгуулийн хооронд, амлалтаас амлалтын хооронд бус холч хараатай, тогтвортой хөгжлийн бодлогыг дэвшүүлж чадах, хэрэгжүүлж чадах улс төрийн хүчнийг эрэлхийлж байна.

Манай улс нийгмийг ардчилах үйл хэргээсээ олон талаар ухарч,дүр эсгэсэн ардчилал тогтоод байна.

Ард иргэдээ улс төрийн нам, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж,олон ургальч үзлийг хавчин хяхах, буруутгах, хүч түрэн шийдэх явдал газар авч байна.

Ялангуяа Ардчилсан нам эрх барьж буй үед ардчиллыг гажуудуулж байгаа явдал нь ардчилалд итгэж, дэмждэг олон хүмүүсийн итгэл алдрахад хүргэж байна.

Ардчилсан нам дотроо фракц, бүлэглэлд хуваагдан сөргөлдөж, залуу үеийнхэн нь 25 жилийн өмнө дэвшүүлж байсан ардчилсан зарчмаасаа өнөөгийн намын удирдлага ухарч буйг шүүмжилж байгаа бөгөөд ийм байдал нь улс үндэсний нийтлэг эрх ашигт хохирол учруулах хэмжээнд хүрээд байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч өөрийн хяналт, цензурыг зохих хэмжээгээр тогтоожээ. Үүнийг олон түмэнд тайлбарлан ойлгуулах хэрэгцээ байсаар байна.

Эдүгээгийн Ерөнхий сайд томилогдмогц манай намд хамтран ажиллах санал тавьсныг Намын бага хурлаараа хэлэлцэж, олонхийн саналаар Засгийн газарт хамтран ажиллахаар шийдвэрлэсэн билээ.

Ингэхдээ манай нам улс үндэстний язгуур эрх ашгийг эрхэмлэж, эдийн засаг хүндэрсэн үед нэгдмэл бодлогоор хамтран зүтгэж, нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилгыгудирдлага болгосон юм.

Засгийн газарт МАН-аас томилогдсон сайд нар богино хугацаанд ихээхэн үр дүнтэй ажилласныг тухайн яам, салбарынхан төдийгүй, Ардчилсан намаас УИХ-д сууж байгаагишүүд ч зүй ёсоор үнэлж байгаа.

Гэтэл найман сарын дараа Ардчилсан намын шийдвэрээр улс төрийн явцуу эрх ашгийн үүднээс Засгийн газраас шахан гаргасныг зөвтгөх аргагүй.

МАН Засгийн газарт хэрхэн хамтран ажилласан талаар судалгаа хийхэд МАН-ыг дэмжигчдийн 70 орчим хувь нь Засгийн газарт хамтран ажиллахдаа үүргээ сайн биелүүлсэн гэж хариулжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Улс орны болоод улс төрийн эрх ашгийн эрэмбэ дарааг уялдуулан зохицуулж чадаагүйгээс бид Засгийн газарт хамтрагчаа сөргөлдөгч болгон хувиргасан” гэж саяхан телевиз, радиогоор хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна.

МАН Засгийн газраас гарсны дараах рейтингийн судалгаагаар МАН-ын нэр хүнд аажмаар өсч байгаа нь олон түмэн манай намыг зохих ёсоор ойлгож хандаж байгаагийн илрэл юм.

“Максима Консалтинг” судалгааны байгууллагаас 2015 оны 10, 11 дүгээр сард явуулсан судалгааны дүнгээр манай намын рейтинг 2014 онд22,3 хувь байсан бол энэ оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд 34.2 хувь болж өссөний дотор аймаг, орон нутагт 36.3 хувь, нийслэлд 32.1 хувьтай байна.

Энэ хугацаанд АН-ын рейтинг 40.4 хувиас 30.8 хувь, МАХН-ын рейтинг16.4 хувь болж урьдахаас буурсан дүн гарчээ.

Стратеги Академиас саяхан явуулсан судалгаанд хамрагдсан иргэдийн 54.7 хувь нь ямар ч намыг дэмжихгүй гэж хариулсан нь анхаарал татахгүй байхын аргагүй. Өнөөг хүртэл улс орнууд улс төрийн намаар дамжуулан төрийн бодлогоо тодорхойлж, хууль тогтоохоос өөр ончтой шийдэл олоогүй байна.

Иймээс улс төрийн намын учир холбогдлыг олон түмэнд хүргэх, таниулах сурталчилгааг эрчимжүүлэх шаардлага урган гарч байна.

Манай нийгэм авлигад идэгдэж байгаа нь нууц биш юм. Ардчилсан нам голлон засгийн эрх барьсан жилүүдэд авлига, хээл хахууль улам гаарч, нийгэм, ард иргэдэд ихээхэн хүндрэл бэрхшээлийг үүсгэж байна.

Судалгаанаас үзэхэд санал асуулгад оролцогсдын 82.2 хувь нь Монгол Улс авлигад идэгдсэн гэж үзсэн бол дөнгөж 0.7 хувь нь үүнтэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлжээ. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг “дээд дарга нарын захиалгаар ажилладаг болсон” гэж судалгаанд оролцогчдын 39.4 хувь үзсэн нь анхаарал татаж байна. Түүнчлэн авлигын үндсэн шалтгааныг судалгаанд оролцогсдын 45 хувь ньтөрийн үйл ажиллагаатай холбож байгааг тэмдэглэе.

Иргэд, олон нийтийн санааг ихэд зовоож буй эл асуудалд манай нам туйлын ул суурьтай хандаж, авлигатай тэмцэх стратеги бодлого боловсруулах, МАН-ын гишүүд дэмжигчид авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх тэмцлийг үлгэрлэн манлайлах нийгмийн захиалга бидэнд тулгарч байна.

Монгол Ардын Намын27 дугаар Их хурлаас үндэсний эв нэгдэл, язгуур арх ашгийг эрхэмлэх уриалга гаргасны дагуу улс төрийн бусад нам, хүчинтэй идэвхтэй хамтран ажиллах зарчим барьж ирлээ. Манай намын санаачилгаар улс төрийн намуудын зөвлөлдөх уулзалтыг 12 удаа зохион байгуулж, улс орны улс төр, нийгэм-эдийн засгийн амьдралын тулгамдсан асуудлаар санал солилцон, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг зарчмын асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч чадлаа.

Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал өнөөгийн улс төрийн амьдралын нэг чухал сэдэв болоод байна. Энэ талаарх манай намын байр суурь тодорхой.

Нийгэм-улс төрийн хөгжлийн түвшин, улс орны аюулгүй байдал, эдийн засгийн гадаад, дотоод орчны өөрчлөлт, Монгол орны ирээдүйн чиг хандлагатай уялдуулан Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгааг бид хүлээн зөвшөөрдөг.

Гэхдээ улс орны язгуур эрх ашиг, ард түмний хүсэл эрмэлзлийг иш үндэс болгон энэ асуудалд туйлын няхуур нямбай хандаж, нийгмийн өргөн хэлэлцүүлгийг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдаар шүүн тунгаалгасны эцэст Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар тодорхойлсон хүрээ хязгаарт багтаан, УИХ тогтоосон дэгийн дагуу хэлэлцэх ёстой.

Улмаар төрийн тогтолцоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьтай холбогдох зарчмын асуудлаар ард нийтийн санал асуулга явуулсны үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Энэ үүднээс дүгнэж үзэхэд өнөөгийн УИХ цаг хугацааны хувьд ч, хүлээн зөвшөөрөгдөх чанараараа ч уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Та бидний хувьд нэн даруй шийдлээ хүлээж байгаа нэг асуудал бол Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт юм.

Одоогоор УИХ-д суудалтай болон суудалгүй намуудын зүгээс санал болгож, УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн хуулийн төслийн гурван хувилбарыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд эдгээр төслийг нэгтгэн санал боловсруулах УИХ-ын ажлын хэсэг байгуулагдлаа.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь шинэчлэх саналыг дэмжих боломжгүй, ийм ч шаардлага байхгүй.

Харин өнгөрсөн сонгуулийн үйл явц, түүний сургамжаас үүдэлтэй зарим тодорхой нэмэлт өөрчлөлтийг хуульд оруулахаар манай намаас санаачилж улс төрийн намуудын зөвлөлдөх уулзалтаар зөвшилцөн тогтсоныг УИХ-ын гишүүд санаачлан өргөн мэдүүлсэн бөгөөд уг төслийг суурь болгон хэлэлцэж батлах нь УИХ-ын сонгуулийг маргаан сөргөлдөөнгүй явуулах, үр дүнг нь хүлээн зөвшөөрөх, нийгмийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Тухайлбал, сонгуулийн санал хураалтын хар машины дүнг гар тооллогоор давхар баталгаажуулах, улс төрийн намыг биш хүнийг сонгодог тогтолцоог дэмжих, УИХ-ын гишүүн нэр дэвшсэн нам эвслээсээ гарвал эргүүлэн татах механизмыг бүрдүүлэх, Сонгуулийн маргааныг хурдан шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх, Сонгуулийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, Сонгуулийн ерөнхий хороог татан буулгаж, “Сонгуулийн улс төрийн зөвлөл” гэх бүтцийг байгуулахыг дэмжихгүй байх, саналын хуудсанд нам эвсэл, тэдгээрийн нэр дэвшигчийг бичихдээ улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг баримтлах зэрэг 6 багц саналыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд зайлшгүй тусгах ёстой гэж үзэж байна.

УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах талаар улс төрийн намуудын байр суурь зөрүүтэй байгаа бөгөөд энэ асуудлаар Намын бага хурлын гишүүд Та бүхнийг санал бодлоо илэн далангүй илэрхийлэхийг хүсч байна.

Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Улс төрийн намын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулснаа Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын удирдлагуудад танилцууллаа.

Харамсалтай нь уг хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн, үндэсний аюулгүй байдалд харшилсан, иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан шинжтэй байгааг улс төрийн намууд шүүмжилж байгаа бөгөөд энэхүү төсөл нь улс төрийн шинэтгэлийн эх суурь болж чадахааргүй байна.

Иймд улс төрийн намын тухай хуулийн төслийг дахин боловсруулах шаардлагатай гэж манай нам үзэж байгаа бөгөөд холбогдох саналаа хууль санаачлагчид хүргүүлэх болно.

Хоёр. Эдийн засаг, нийгмийн орчин, ойрын ирээдүйн хандлага

Манай улсын эдийн засаг, нийгмийн байдал туйлын хүнд байна. 2011 онд 17.5 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт сүүлийн гурван жил дараалан буурч энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 2.5 хувь, 2016 онд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын таамаглалаар 0.6-0.8 хувь болж огцом буурах төлөвтэй байна.

Засгийн газар, Монгол банктай хамтран “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд цөөн тооны аж ахуйн нэгжүүдэд 4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосны дээр төсвөөс гадуур Хөгжлийн банкны болон “Чингис”, “Самурай” бонд зэрэг эх үүсвэрээс 7 их наяд төгрөгийн хөрөнгийг зарцуулсан боловч сүүлийн 3 жилд эрх баригчдын явуулсан алдаатай бодлогын уршгаармакро эдийн засгийн бүх үзүүлэлт уруудан доройтож байна. Эдийн засгийн бүтэцтэй уялдаагүй, тооцоо судалгаагүй зарцуулсаних хөрөнгө мөнгө улс орны эдийн засгийг тэтгэх бус, харин ч хямралт байдалд оруулж буйг бид харж байна.

Аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг бодит салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс ихээхэн буурсан байна.

Сүүлийн 20 жилийн судалгаанаас үзэхэд манай нам Засгийн эрх барьсан он жилүүдэд эдийн засаг өсч, ард иргэдийн амьжиргаа дээшилж, харин АН засаг барьсан үед хүрсэн түвшин, ололт амжилтаас ухарч, эдийн засаг уруудан, ард иргэдийн амьдрал доройтдог дүр зураг ажиглагдах болсон нь санамсаргүй тохиолдол биш.

2011 онд 4.6 тэрбум ам.долларт хүрээд байсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны 3 дугаар улирлын байдлаар 10.1 сая ам.доллар болж 460 дахин буураад байгаа нь гадны хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэрхэн алдагдсаныг харуулж байна.

Монгол Улсад өрийн хямрал нүүрлээд байна. Энэ оны хагас жилийн байдлаар манай улсын гадаад өр 21.7 тэрбум ам.доллар буюу 42.7 их наяд төгрөг, нэг хүнд ногдох Засгийн газрын гадаад, дотоод өр 5.9 сая төгрөгт хүрээд байна.

Олон улсын судалгааны байгууллагын дүгнэлтээр дэлхийн 108 орны гадаад өрийг ДНБ-д нь харьцуулан жагсаахад манай улс Исланд улсын ард буюу хоёрдугаарт, харин өрийн хямралд орсноо зарласан Грек улс гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна.

Түүнчлэн “Фич”, “Стандарт энд Пүүрс” зэрэг дэлхийн санхүүгийн зэрэглэл тогтоодог байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг дахин буурууллаа.

Манай улс 2011 онд зээлийн үйлчилгээний төлбөрт 37.2 тэрбум төгрөг төлж байсан бол ирэх онд 950 орчим тэрбум төгрөг төлөхөөр байгаа нь 26 дахин өссөн үзүүлэлт юм.

Сүүлийн гурван жил дараалан төсвийн орлого 1 их наяд орчим төгрөгөөр тасарч, төсвийн зарлага, алдагдлыг нэмэгдүүлж ирснээр Засгийн газрын дотоод өр 3.8 их наяд төгрөгт хүрээд байна.

Банк санхүүгийн салбарын эрсдэлтэй байдал улам бүр нэмэгдэж, энэ оны 10 сарын байдлаар банкны системийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл 2012 оны мөн үетэй харьцуулахад 3-7.8 дахинөссөн дүнтэй байна.

Банкны зээл цөөн хэдэн салбарт төвлөрч, уул уурхай, барилгын салбарын зээлийн эргэн төлөлт муу байгаагийн дээр зээл олгох боломж хумигдаж байна.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрснээр олон аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж, иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, дотоодын эрэлт буурч байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын экспорт, импорт өмнөх оны мөн үеэс 15-30 хувиар буурч гадаад худалдааны бараа эргэлт 2 тэрбум ам.доллараар хумигдсан байна.

Ард иргэдийн амьжиргаа, иргэдийн ирээдүйдээ итгэх итгэл, өөдрөг хүлээлтэд эдийн засгийн хүндрэл сөргөөр нөлөөлөх боллоо. 2014 оны эхний улиралд Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс 109.8 байснаас сүүлийн 6 улирал дараалан буурсаар энэ оны 3 дугаар улиралд 46.6-д хүрээд байна.

Статистикийн мэдээгээр манай улсын нийт өрхийн 40 гаруй хувь нь бага орлоготой, цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Сард 2 сая төгрөгөөс дээш орлоготой өрх нийт өрхийн 6.9 хувь, 5 саяас дээш орлоготой өрх нийт өрхийн 0.3 хувийг эзэлж байна. Энэ онд жижиг бизнесийн өрхийн амьжиргаанд оруулах хувь нэмэр өмнөх онтой харьцуулбал 60 хувиар буураад байна.

2012 оны 2 дугаар улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн 2 хүн тутмын нэг нь ажилд зуучлагдан орж байсан бол энэ оны 2 дугаар улирлын байдлаар 5 хүний нэг нь ажилд орсон нь ажлын байрны эрэлт нэмэгдэж, олдоц улам бүр муудаж байгааг харуулж байна.

Манай намын нийгмийн бодлогын хүрээнд нэг талаас байнгын ажил, орлоготой, эдийн засгийн хувьд аюулгүй байдал нь хангагдсан, өөрсдийн туршлага, чадвараа дээшлүүлэхийн төлөө хичээн ажилладаг, нийгмийн дундаж давхаргыг бий болгох, нөгөө талаас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг амьжиргааны доод түвшнээс багагүй байлгах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, халамжийг илүү зорилтот бүлэг рүү чиглүүлсэн бодлого хэрэгжүүлэх, амьжиргаагаа бие даан авч явах чадваргүй болон бага орлоготой хэсгийг дэмжин ажиллах чухал зорилт тавигддаг билээ.

Иймээс өнөөгийн нийгэмд нүүрлээд байгаа тэгш бус байдал, ядуурлыг бууруулах, ард иргэдийнхээ оролцоо, тэдний ирээдүйдээ итгэх итгэлийг нэмэгдүүлэх, нийгмийн сайн сайхан байдлыг хангахын тулд өргөн хүрээтэй, бүх оролцогч талууд хуваалцах "нийгмийн гэрээ"-г боловсруулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Цаашлаад монгол хүний хөгжилд чухал хувь нэмэр оруулах эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт ч туйлын хангалтгүй байна. Манай улс жилд дунджаар ДНБ-ий 2.9 хувийг эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд, харин 5.9 хувийг боловсролын салбарын санхүүжилтэд зарцуулж байна. Дэлхийн улс орнууд дундажаар ДНБ-ийхээ 9 орчим хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаатай харьцуулбал энэ нь даруй 3 дахин бага үзүүлэлт юм. Боловсролын салбарт зарцуулж буй зардал эрүүл мэндийн салбарынхаас өндөр байгаа ч шинжлэх ухаан, судалгааны ажлын санхүүжилт маш доогуур байна. Иймээс эрүүл мэнд болон боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ий 6 хувьд, харин шинжлэх ухаан, судалгааны ажлын санхүүжилтийг ДНБ-ий 2 хувьд хүргэх шаардлагатай байна.

Тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурласан, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг баталж, хөгжлийн үнэт зүйлс болсон хүнээ эрхэмлэн дээдлэх, монгол хүний бахархлыг бий болгох, иргэний улс төр, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох оролцоо, боломжийг нэмэгдүүлэх, иргэн бүрт тэгш боломж олгосон, шударга нийгэм бүтээхийн төлөө бид хамтдаа хүчин зүтгэх болно.

Гурав. Намын үйл ажиллагаанд хийх дүгнэлт, анхаарах асуудал

Өнгөрсөнбага хурлаас хойшхи хугацаанд намын байгуулалтын чиглэлээр намын төв, орон нутгийн байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, 2016 оны улс төрийн сонгуулиудад бэлтгэх ажлыг эрчимжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллалаа.МАН-ын үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайланг Намын Ерөнхий нарийн бичгийн дарга тусгайлан илтгэх учраас бодлогын шинжтэй, нийтлэг зарим асуудлаар үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Ардын Намын хэмжээнд 2015 оныг “Намын хамт олон хариуцлагаа эрс өндөржүүлэн, намын дотоод эв нэгдлээ бататгаж, 2016 оны УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэлийг хамтын хүчээр бүрэн хангаж ажиллах жил” болгон зарлаж, ирэх оны сонгуулийн бэлтгэлийг хангах асуудлаар намын удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, “Бид хамтдаа” улс төрийн кампанит ажлыг өрнүүллээ.

Намын Удирдах Зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний хуралдаанаар 2016 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг эртнээс хангах асуудлыг тусгайлан хэлэлцэж Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийг байгуулж, уг бэлтгэлийг хангах нарийвчилсан төлөвлөгөөг Намын дарга батлан хэрэгжүүлж байна.

Ажлын хэсгээс МАН-ын Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн төслийг урьдчилсан байдлаар боловсруулан хэлэлцэж байгаа бөгөөд сонгуулийн санхүүжилт, зохион байгуулалт, сурталчилгааны ерөнхий схем, арга зүйг тодорхойлох, орон нутгийн салбар ажлын хэсгийг байгуулах ажлууд хийгдэж байна. Улс төрийн сонгуультай холбоотой хууль эрх зүйн орчин нэг мөр болоогүй байгаа нь сонгуулийн бэлтгэл ажилд зарим талаар нөлөөлж байгаа хэдий ч цаашид ажлын хэсгийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, дэд хэсгүүдийн ажлыг эрчимжүүлэх, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж, гүйцэтгэлийг байнга хянах механизмыг бүрдүүлэх шаардлагатай байна.

Намын удирдах ажилтны зөвлөгөөнийг “УИХ-ын болон орон нутгийн хурлын 2016 оны сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангах” сэдвийн дор 2015 оны 6 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнөөр сонгуулийн бэлтгэл ажлын талаар нухацтай хэлэлцэж, хэрхэн ажиллахчиглэлүүдээ тодорхойлсон нь сонгуулийн бэлтгэл ажлыг чиглэсэн зорилготой, харилцан уялдаатай явуулахад түлхэц өгөх учиртай.

Зөвлөгөөний мөрөөр тусгай албан даалгавар гаргаж, орон нутагт хүргүүлсэн бөгөөд хэрэгжилтийг нь үр дүнтэй зохион байгуулахад онцгой анхаарах шаардлагатай байна.Намын байгууллагуудын үйл ажиллагааг иргэд, сонгогчдод хүргэх, намын бодлогыг сурталчлан таниулах, тухайн орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг судлах зорилгоор намын Удирдах зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний шийдвэрээр “Бид хамтдаа” аяныг улсын хэмжээнд зохион байгуулах удирдамж, чиглэлийг батлан хэрэгжүүллээ. Уг аяныг нийтдээ 6 сарын хугацаанд зохион байгуулж үндсэндээ амжилттай дуусч байна.

“Бид хамтдаа” аяны иргэддээ хандсан захидлыг 21 аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга нарт гардуулж, үйл ажиллагааг нь эхлүүлснээс хойш 520 орчим мянган иргэнийг аяны арга хэмжээнд хамруулж, 260 гаруй мянган захидлыг айл өрхөд хүргэснээс одоогийн байдлаар 60 гаруй мянган иргэн хариу захидал ирүүлээд байна.

Аяны үр дүнг шинжлэн дүгнэж, иргэд сонгогчдын ирүүлсэн санал хүсэлтийг нэгтгэн судлах, намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт багцлан оруулах, төв, орон нутгийн түвшинд намынцаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах хэрэгтэй байна. Монгол Ардын Намаас санаачлан 2015 оны 10 дугаар сарын 26-30-нд “Бид хамтдаа” үндэсний форумыг зохион байгуулж, улс төрийн намууд, иргэний нийгэм, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор эдүгээ болон ойрын ирээдүйн тулгамдсан зорилт, сорилт бэрхшээл, гарц шийдлийг нухацтай хэлэлцлээ.

Тус форумаас гаргасан “Бид хамтдаа” тунхаг бичигтээ хүн төвтэй хөгжлийн төлөө хамтран ажиллахаа тунхагласан нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын цөм асуудлыг оновчтой тодорхойлж чадлаа гэж үзэж байна.

Нөгөө талаас, МАН-ын XХVII Их хурлаас тодорхойлсон намын бодлого, үйл ажиллагаа шинжлэх ухаанд тулгуурласан байх үндсэн зарчмыг ажил хэрэг болгоход онцгой ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Форумын хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачдын гаргасан санал дүгнэлт, оролцогсдын хэлсэн үг, “Тунхаг бичиг”-ийн үзэл санаа нь 2016 оны улс төрийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг эцэслэн боловсруулахад чухал хэрэглэгдэхүүн, Монголын нийгмийн хэрэгцээ, боломжийг зөв оновчтой тодруулахад үнэтэй хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Стратеги академиас хийсэнсудалгаагаарфорумын үйл ажиллагааны талаар иргэдийн сэтгэл ханамжийг тандахад 53.1 хувь таалагдсан, 19.7 хувь нь дунд зэрэг гэж хариулсан байна.

“Бид хамтдаа” форумын талаар судалгаанд оролцогсдын 25 хувь нь “Улс төрийн намууд ингэж хамтран ажиллах хэрэгтэй”, 11 хувь нь “МАН ийм зүйл санаачилж байгаа нь найдвар төрүүлж байна” гэж үзжээ.

Эндээс үзэхэд намаас зохион байгуулж байгаа бодлогын чанартай арга хэмжээнүүд иргэд олон нийт, намын гишүүдэд зохих хэмжээгээр хүрч, тэдний сонирхлыг татаж, МАН-д итгэх итгэлийг нэмэгдүүлж байна гэж дүгнэж болох юм.

МАН-ын II Бага хурлаар баталсан Дунд хугацааны стратеги төлөвлөгөө нь намын гишүүдийн санал дүгнэлт, олон нийтийн судалгаанд үндэслэн намын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилго, зорилт, хөтөлбөрийг хамарсан бодлогын баримт бичиг болсон билээ.

Энэхүү төлөвлөгөөний хүрээнд 2015 онд удирдах ажилтны зөвлөгөөнийг 2 удаа, бүс, аймгийн зөвлөгөөнүүдийг тус тус зохион байгуулж, хүний нөөцийг бэлтгэх ажлын хүрээнд их дээд сургуульд 400 гаруй намын ажилтнуудыг сургаж байна. Төлөвлөгөөний гүйцэтгэлийг энэ оны 5 дугаар сард Удирдах зөвлөлөөр хэлэлцэн дүгнэж цаашид эрчимжүүлэхээршийдвэрлэлээ.

Намын Удирдах зөвлөлөөс өнгөрсөн оны 6 дугаар сард баталсан журмын дагуу 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа гишүүдийг бүртгэн авч, гэрээ байгуулан бүх талаар дэмжин хамтран ажиллаж байна.Намын Бага хурлын гишүүн Та бүхэнд ил захидал илгээн “өөрийн харьяалагдах аймаг, нийслэл, дүүргийн намын хороотойгоо хамтарч тухайн тойрог, орон нутагтаа “Бүхнийг ялалтад”уриан дор идэвхтэй, дайчин давшингуй ажил аяныг өрнүүлэн, намын журмын нөхөдөө үлгэрлэн манлайж ажиллахыг уриалж, Ардын намын ирэх сонгуульд ялах үндсийн үндэс бол намын дотоод эв нэгдэл, нягт цул байдал гэдгийг бүх шатандаа гүнээ ухамсарлан, эв хүчийг нэгтгэн эрч хүчтэй ажиллах үүрэг өгснийг дахин сануулъя.

Энэ үүрэг чиглэлийг хэрхэн хэрэгжүүлж ажилласныг Бага хурлын гишүүн нэг бүр дээр тооцож ажиллах болно.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ачааны хүндийг, асуудлын хэцүүг УИХ дахь бүлгийн гишүүд маань үүрч ирлээ.

Монгол Улсын хөгжлийн алсын хараа, тогтвортой хөгжлийн зорилтод тулгуурласан урт хугацааны бодлоготой болох асуудлыг санаачлан УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болгож Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг дэмжин батлуулав.

Манай бүлгийн гишүүд УИХ-аар хэлэлцэж байгаа хууль тус бүр дээр ард олны нийтлэг эрх ашгийн үүднээс анхааралтай хандаж, эрх баригчдын буруу бодлогыг шүүмжлэн засч залруулж ирлээ.

Тухайлбал, Эрүүгийн хуулиар баялаг бүтээгчдийг 49 зүйл заалтаар дээд тал нь 13 тэрбум 200 сая төгрөгийн торгох ял ногдуулах байсныг 38 зүйлд дээд тал нь 800 сая төгрөгөөр торгох болгож зүйл анги, торгуулийг багасгалаа.

Мөн ард түмний нэрээр авсан өр, бондууд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг эрх баригчид гэмт хэрэгт тооцуулахгүй өнгөрөх гэж байсныг зогсоож, Эрүүгийн хуульд тусгуулан хариуцлага хүлээлгэхээр болголоо.

МАН-ын бүлгийн гишүүдийн эсэргүүцэл, тэмцлийн үр дүнд ард түмний хөрөнгийг шамшигдуулсан, авлига, албан тушаалын хэрэгт холбогдогдсон авлигачдыг Өршөөлийн хуульд хамруулахгүй байхаар шийдвэрлэлээ.

Төсвөөс гадуур хяналтгүй зарцуулж байгаа хөрөнгийн байдалд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандсаны үр дүнд “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны эх үүсвэр, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгийг улсын төсөвт тусган 2015 оноос Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй боллоо.

МАН-ын бүлгийн шаардлагаар “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг УИХ-аас байгуулан ажиллалаа.

Өр тавьж босгосон бондын хөрөнгийн зарцуулалт, үр өгөөж хангалтгүй байгаа бөгөөд Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгээс харахад бондын хөрөнгө мөнгийг босгох, түүнийг байршуулах, хуулийн дагуу зарцуулах, санхүүжих төслийг сонгон шалгаруулах, гүйцэтгэлийг хянах явцад ноцтой зөрчлүүд илэрснийг холбогдох байгууллагууд нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзэж байна. Манай бүлгийн гишүүд төсвийг үнэн зөв төлөвлөх, үрэлгэн зардлыг бууруулах, төрийн данхайсан бүтэц, орон тоог цомхотгох, Засгийн газрын тусгай сангуудыг цэгцлэх талаар тодорхой санаачилга гарган ажиллажээ.

Засгийн газраас төрийн өмчийн их, дээд сургуулиуд, томоохон эмнэлэг зэрэг нийгмийн салбарын объектуудыг хувьчлах бодлого оруулж ирснийг манай бүлгийн гишүүд эсэргүүцэж, зогсоосон.

МАН-ын бүлгийн гишүүд алслагдсан бүс нутагт ажиллаж байгаа иргэд, ААН-үүдэд дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл санаачилсан бөгөөд хөдөө орон нутагт бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг нийслэлээс алслагдсан байдлаас нь хамааруулан хөнгөлснөөр орон нутагт бизнес хөгжих, хөрөнгө оруулалт хийх бодитой нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулан 2015 оны төсөвт 90 тэрбум төгрөгийг тусгуулсан боловч эрх баригчид төсвийн тодотголоор энэхүү мөнгийг хассаныг Та бүхэн санаж байгаа.

Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувь хасах саналыг УИХ-д оруулж ирснийг манай бүлгийн гишүүд зогсоосон билээ. "Хүүхдийн мөнгө"-ийг баян, ядуугаар нь ялгаварлан 40 хувиар хасах санал оруулсныг ч дэмжээгүй.

Намын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүд, оюутны байгууллагууд Их хурлаа хийж салбар нэгжүүдийнхээ бүтцийг шинэчлэх, гишүүнчлэлээ өргөтгөхөд чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулж байна.

НАМЗХ намын залуу гишүүдийг идэвхжүүлэх, гишүүнчлэлээ сэргээхэд чиглэсэн 1000 залуусын чуулга уулзалтыг 18 аймаг, 4 дүүрэгт зохион байгуулж, тэдний санал бодлыг сонсчээ.

НАМЭХ улс төрд эмэгтэйчүүдийг бэлтгэх, намын болон холбооныхоо бодлогоо нийгэмд хүргэхэд чиглэсэн аймаг, бүсийн зөвлөгөөнүүдийг зохион байгуулж, эмэгтэйчүүдийн дунд суурь судалгааг явуулсан байна.

Ахмадын холбоо намын ахмад гишүүдийн туршлага, мэдлэгийг залуу үед өвлүүлэн үлдэх, намын ажил дахь ахмадын оролцоог идэвхжүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байна.

НАМОХ сонгуульд бэлтгэх ажлын хүрээнд оюутан, залуучуудын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж, аймаг дүүрэг бүрт МАН-ыг дэмжигч оюутнуудыг бэлтгэж, сонгуулийн штабт ажиллуулах зорилт тавьсан байна.

Оюутан залуучуудын эрх ашиг, хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Монгол Ардын Намын байгууллагуудын дотроос хамгийн олон гишүүнтэй намын байгууллага бол Нийслэлийн Монгол Ардын Намын хороо билээ.

Нийслэлийн ИТХ-д цөөн суудалтай байгаа боловч, одоогийн Улаанбаатар хотын удирдлагуудын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар хяналтгүй, замбараагүй, зарцуулж, дур зоргоороо авирлаж байгаад дүгнэлт хийж бодит байдлыг иргэд олон түмэнд ойлгуулах ажлыг НИТХ дахь Монгол Ардын Намын бүлэг зохион байгуулж, сөрөг хүчний үүргээ санаачилгатай гүйцэтгэж байгааг цаашидидэвхтэй үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хэдийгээр улс төрийн нөхцөл байдал хүнд, санхүүжилт хязгаарлагдмал байгаа ч гэсэн Монгол Ардын Намын түүхэнд чухал байр эзлэх нийслэлийн намын байгууллагын 90 жилийн ойг өргөн хүрээнд үр дүнтэй зохион байгуулж түүхээ бататгасан, намын ажлын хүрсэн түвшнээ үнэлсэн, ирээдүйд хүрэх зорилтоо тодорхойлсон зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь иргэд олон нийтийн идэвхийг өрнүүлсэн арга хэмжээ боллоо.

Нийслэлийн намын хорооноос намын гишүүд, дэмжигчид болон иргэдийг нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажилд уриалах, зорилтот бүлгийн хэсэгт тусламж, дэмжлэг үзүүлэх зорилготой сайн үйлсийн хандивын аяныг өрнүүлсэн нь улс төрийн нам анх удаа сайн үйлсийн аянд нэгдлээ гэсэн эерэг дүр төрхийг Монгол Ардын Намд авчирч чадсан.

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос “Аз жаргалтай хот” үзэл баримтлалыг дэвшүүлж тавьсан нь намын гишүүд, дэмжигчид болон нийслэлийн иргэд, ялангуяа залуучуудын сэтгэлд хүрч, багагүй дэмжлэгийг авч байна.

Монгол Ардын Намын гадаад харилцаа идэвхжиж, хөрш орнуудын эрх баригч намуудаас гадна хөгжингүй зарим орны улс төрийн намтай харилцаа холбоо тогтоолоо. Тухайлбал, ОХУ-ын “Нэгдмэл Орос орон” нам, БНХАУ-ын Коммунист намтай тогтоосон уламжлалт харилцаа холбоогоо өргөжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэв.

Австралийн Хөдөлмөрийн намтай хамтран ажиллах, харилцан туршлага солилцох тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа. БНХАУ-д намын шугамаар орон нутгийн ажилтнуудыг сургах сургалт тогтмолжиж, Азийн улс төрийн намуудын бага хурлын ажиллагаанд идэвхтэй оролцож байна.

Ирэх онд Социнтернийн намуудын эмэгтэйчүүдийн холбооны хурлыг манай улсад зохион байгуулахаар бэлтгэж байна.

МАН, МАХН-ын хэсэг ахмадуудаас намын удирдлагуудтай уулзаж, сонгуулийн өмнө манай намыг МАХН-тай эвсэж хамтрах талаар тодорхой санал тавьсан юм. Мөн манай намын зарим залуу гишүүд МАХН-тай хамтрах асуудалд судалгаа тооцоотой, болгоомжтой хандах талаар байр сууриа илэрхийлсэн санал ирүүлсэн.

Эдгээр асуудлыг намын Удирдах зөвлөлд албан ёсоор танилцуулж, МАХН-ын удирдлагуудтай санал бодлоо хуваалцах, эхний уулзалтуудыг хийж байна.

Эрхэм журмын нөхөд өө!

Та бид хийсэндээ санаа амарч тайвшрах бус, нийгэм болон намд үүсч байгаа эерэг хандлагыг бэхжүүлэх, өмнөх үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, алдаа, сургамжийг нь тусган авч илүү эрч хүчтэй ажиллахыг улс төрийн нөхцөл байдалшаардаж байна.

Бага хурлын хоёрдугаар хуралдаанаас хойшхи хугацаанд хэд хэдэн удаагийн нөхөн сонгууль, дахин санал хураалт, дүүрэг болон тосгоны захирагчийн сонгууль болж өнгөрлөө. Үүнээс Говьсүмбэр аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль, Нийслэлийн Багануур дүүргийн захирагчийн сонгууль, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ИТХ-ын нөхөн сонгууль, Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны захирагчийн сонгуульд нэр дэвшсэн МАН-ын гишүүд ялалт байгууллаа.

Эв эеэ хичээн нэгнээ дэмжиж, нөгөөгөө сонсож, хариуцлагаа харилцан ухамсарлаж, багийн зарчмаар ажиллаж чадвал бидэнд ялалт ойрхон байгаагийн тодорхой жишээ бол дээр дурдсан сонгуулийн дүн юм.

Миний бие МАН-ын XХVII Их Хурал дээр хэлсэн үгэнд намын үйл ажиллагаанд тодорхой зарчмуудыг мөрдөн ажиллахаа илэрхийлсэн. Хоорондоо тэмцэлдэж, хүч, сэтгэлгээ, хөдөлмөрөө өөр зуурын ахархан зөрчил, дотоодын үл ойлголцолдоо зориулахын оронд гадагшаа чиглэсэн улс төр, сонгуулийн ялалтын төлөөх тэмцэлдээ зориулах хэрэгтэй байна.

Монгол Ардын Намын өнөөдрийг хүртэл оршин байгаагийн гол хүч, амин нууц бол нийтийн эрх ашгаа өмнөө тавьж, бусдынхаа үг бодлыг сонсож, олонхийн шийдвэрээ даган “хамт олонч зарчим”-ыг баримталж ирсэн явдал юм.

Нам доторх хамт олонч зарчим бүдгэрэн доройтож, түүнийх нь оронд хэн нэгний ганцаарчилсан тоглолт эсхүл хэсэг цөөнх бүлгийн аминч хоршил, төрөл садан, жалга довны бэсрэг нэгдэл байх ёсгүй.

Ийм зарчмыг намын сонгуульт албан тушаалтнууд дор бүрнээ баримтлан ажиллах үүрэгтэй. Хэлсэн үг, ярьсан зарчимдаа ягштал хатуу байх нь улс төрийн сахилга бат юм. Энд хэлснээ тэнд очоод өөрөөр ярьчихдаг улс төрийн албан тушаалтны үг нь үнэгүй, нэр нь хүндгүй байдаг.

Намын дотоодод үүсдэг үл ойлголцол, зөрчил маргааны дийлэнх нь үгийн алдаанаас эхтэй байдаг.

Тиймээс намын Удирдах зөвлөлийн гишүүнээс жирийн гишүүн хүртэлх бүх гишүүд, намын дээд удирдлагаас үүрийн дарга хүртэлх нийт сонгуультнууд үргэлжид “үгийн үнэ цэнийг эрхэмлэж” явахыг намын даргын хувьд сануулж байна. Намаасаа урваж шарвадаг, намаа сонин хэвлэлээр баттай баримт, нотолгоогүй шүүмжилдэг байдал гарах боллоо.

Намын дээд удирдлагад хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн намын гишүүнчлэлээс түдгэлзэж, намын нэр хүндэд халдсан үг шүүмжлэл хэлснийг зэмлэж буруутгасан захидал, гомдол намын олон гишүүдээс ирүүлсээр байна. Цаашид намын удирдах албан тушаалд аливаа хүнийг сонгох, томилохдоо зөв харж, ултай хандаж, нухацтай сонголт хийхийг гишүүд маань сануулан шаарджээ.

Эв нэгдэлгүй байдлаасаа болж өнөөдөр зарим намын хороодод талцах бүлэглэх, харилцан үл ойлголцох хандлага газар авч, сонгуулийн үр дүнгээ баталгаажуулж чадахгүй байх, олонхи болох боломжоо алдах, урваж шарвах, сөрөг хүчинд Засаг дарга, Иргэдийн хурлын суудлаа алдах явдал гарч байна.

Говь-Алтай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар хоорондоо зөрчилдсөнөөс 2013 онд аймгийн Иргэдийн хурлын дахин сонгууль явагдаж, орон нутгийн хуралд АН олонхи болсноор манай намын гишүүд, дэмжигчид хэдэн зуугаараа ажлаасаа халагдсан байна.

Аймаг, орон нутгийн удирдлагуудын хоорондын таарамжгүй харилцаа, зөрчил маргаанаас үүдэн намын эрх ашгийг хохироосон ноцтой алдаа Дундговь, Завхан, Дорнод, Дархан-Уул аймагт гарлаа.

Аймгийн ИТХ-ыннамын бүлгийн эв нэгдлийг хангаж, намын бодлого шийдвэр, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, Засаг даргын үйл ажиллагааг дэмжиж ажиллах байтал намын бүлгийнхээ гишүүдийг хуваан хагаралдуулж бүлгийн үйл ажиллагааг сулруулсны дээр, аймгийн Засаг даргыг огцруулах үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан байна.

Намынхаа бодлогыг сөрж, эв нэгдлийг задалж, хувийн эрх ашгаа нэн тэргүүнд тавьсны улмаас намаас бодлогоор дэмжиж дэвшүүлсэн хүнээ ч ялагдуулж, өөрөө ч ялагдсан хатуу сургамжтай үйлдэл Налайх дүүрэгт болсон захирагчийн сонгуулиар гарсан билээ.

Манай намд ярихаас өөр зүйл хийдэггүй, ярьснаа ажил болгодоггүй, намаа шүүмжилдэг, тэгсэн мөртлөө өөрөөс хамаарах үүргээ биелүүлдэггүй гишүүд олширч байгаад би шүүмжлэлтэй хандаж байгаа.

Эцсийн эцэст хэлж, ярьж, шүүмжилснээр биш хийж бүтээж, хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрснээр нь намын байгууллагуудын үйл ажиллагааг үнэлж дүгнэдэг байх зарчмыг бүх шатанд хэрэгжүүлье гэж зорьж байгаа юм.

Сонгуульд өөрийн сайнаас илүү намын нэр, хамт олны зүтгэл, жирийн гишүүний оролцоо, сонгогчдын саналаар сонгогдсон гэдгийг цаг ямагт санаж байвал зохино. 2012 оны сонгуулиуд амаргүй нөхцөлд болж өнгөрснийг Та бүхэн санаж байгаа. Намын олон гишүүд маань хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, гэр бүл, хамт олон нь ч түүнтэй хамт хэлмэгдсэн. Зарим нь амь насаа ч алдсан тохиолдол бий. Ийм байхад хамтын ялалт, нийтийн эрх ашгийг хувийн хүсэл, цөөнхийн шуналаар худалдаад байж болохгүй.

Намын зохион байгуулалтын амин сүнс нь хариуцлагын тогтолцоо.Энэ бол дарангуйлал биш харин улс төрийн амжилтын үндэс.

Өнөөдөр хэлэлцүүлж байгаа хүний нөөцийн журамд ч хариуцлагын асуудлыг нарийвчлан тусгасан байгаа.

Намын XХVII их хурлаас үзэл суртлын хориглолтоос давшилтад орох тухай заасан. Энэ талаар бага зэрэг ахиц гарсан боловч Монгол Улсын түүхэнд Монгол Ардын Намын гүйцэтгэсэн үүрэг, түүхэн зүтгэлтнүүдийн байр суурийг гуйвуулах, манай намын нэртэй сайн зүйл бүхнийг баллуурдах увайгүй, бусармаг үйлдлийг Ардчилсан нам хийсээр байна. Ийм учраас ээлжит сонгуулийг угтан үзэл суртлын давшилтаа эрчимжүүлж, өргөн далайцтай болгох хэрэгтэй байна.

Бид үзэл суртлын ажил зохиож ирсэн түүхэн уламжлалаа сэргээн санаж, өнөөгийн нөхцөлд нийцүүлэн иргэдийн нас, сэтгэлзүйн онцлогийг харгалзсан шинэлэг хэлбэрийн ажлыг санаачлан хийвэл зохино.

Сонгуулиас сонгуулийн хооронд иргэдийн улс төрийн боловсрол өсөн нэмэгдэж, сонгогчдын улс төрийн намуудад хандах хандлага хувьсан өөрчлөгдөж байна. Тэд намуудын дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлбөр, амласан амлалтыг амьдралд хэр бодитой, үр өгөөжтэй, шинжлэх ухаанч зарчимд тулгуурлан тооцоо судалгааны үндэслэлтэй боловсруулсан эсэхийг харах болжээ.

Иймд намын даргын дэргэд Зөвлөхүүдийн танхим ажиллаж байгаагийн зэрэгцээ намын баримт бичгүүдэд эрдэмтэн судлаачдын зөвлөмж саналыг тусгах үүднээс Эрдэмтэн судлаачдын зөвлөлийг байгуулан ажлыг нь эхлүүлээд байна.

XХVII Их хурлаас дэвшүүлсэн зорилтын нэг болох шинжлэх ухаанч зарчмыгхэрэгжүүлэх хүрээнд албан тушаал, амин хувийн асуудал тойрсон нэгдлээс илүү ажил хэрэгч маргаан, онол үзэл баримтлалын мэтгэлцээн өрнүүлэх бодлогын судалгааны төвүүдийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна.

Бага хурлын эрхэм гишүүд ээ

Улс төрийн ээлжит сонгууль албан ёсоор эхлэхэд хагас жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Улс төрийн өрсөлдөөн хэдийнээ өрнөж байна. Тиймээс бид сонгуулийн бэлтгэл ажилдаа улам шаргуу орж, илүү дайчин, нягт,гэхдээ эе эгзэгийг олж ажиллах шаардлагатай байна.

УИХ-д ганцаараа сөрөг хүчин болсон, урваж шарвах үйлдэл цөөнгүй гарч байгаа, салж явсан улс төрийн хүчний манай намын үнэт зүйлээс булаалдсан, өрсөлдөгч нам ямар нэгэн аргаар бидний дарж авах гэсэн улс төрийн амаргүй цаг үед Та бид биенээ дэмжиж ажиллахаас өөр арга байхгүй.

МАН-ын гишүүн бүр нэгэндээ итгэж, нэгнээ дэмжиж, үүссэн асуудлаа нүүр тулан ярилцаж, гарц гаргалгааг нь хамтаар шийдэж, түүнийхээ төлөө багийн зарчмаар ажиллах шаардлагатайг онцлон хэлье.

Намын нийт гишүүд бүх шатны сонгуультнууд, намын дэргэдэх болон дэмжигч байгууллагуудад хандан Намын даргын хувьд сонгуулийн бэлтгэлийг дүүрэн хангах зорилтын хүрээнд дараах асуудлаар чиглэл өгөх нь зүйтэй гэж үзлээ:

1. Бид сонгууль ойртох тусам ажил хэрэгч хамтын ажиллагаа, эв нэгдлийн гүн ухааныг эрхэмлэн ажиллах ёстой. Намын байгууллага, хамт олны түвшинд зөрчилтэй асуудал байвал “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” зарчмыг баримталж, хамтын оюун ухаанаар шийдвэрлэж, олонхийн шийдвэрийг хүндэтгэн дагах нь чухал байна. Улс төрийн сонгууль ойртсон үед энэ нь хамгийн зөв ухаалаг алхам болно. Цөөнх болсон хүмүүстээ хүндэтгэлтэй хандаж, асуудлын цаад учир холбогдлыг сайтар таниулж, харилцан ойлголцохыг намын байгууллагын удирдлагууд чармайн ажиллах хэрэгтэй.

2. Төв, орон нутгийн намын байгууллага сонгуулийн хэмнэлд бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа нэн даруй нийцүүлж, шаардлагатай бол намын бүтцийн байгууллагуудыг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Сонгуулийн бэлтгэл хангах ажлын хэсгүүд аймаг, нийслэл болон сум, дүүрэг цаашлаад баг, хорооны түвшинд байгуулагдан ажиллаж байгаа.

Эдгээр ажлын хэсгүүдэд шинэ залуу намын гишүүдийг ч,дадлага туршлагатай ахмадүүдаа ч оролцуулж ахмад, дунд, залуу үеийн залгамж чанарыг хангах хэрэгтэй.

Гол нь Улс Монголоо гэсэн чин сэтгэл, нөр зүтгэлтэй хүмүүсийг мэргэжлийн чиглэл, ажлын салбараар нь зохион байгуулалтад оруулах нь чухал байна.

3. Сонгогч бүрийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, улс төрийн мэдлэг, боловсролоо ахиулахад нь манай намын байгууллага, гишүүд дэмжигчид бүхий л бололцоогоо шавхан дайчилж туслах зорилт тулгарч байна.

Сонгогчид, ялангуяа залуучууд интернэтээс мэдээлэл авах, тэнд санал бодлоо хуваалцах байдал жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

МАН-ын олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудсууд хэрэглэгч, дагагчдын тоогоороо бусад нам эвслүүдийг тэргүүлж байгаа амжилтаа бататган намын жирийн гишүүнээс эхлээд бүх сонгуультнууд цахим орчинд идэвхтэй байж, хэлэлцэж байгаа асуудлаар байр сууриа байнга илэрхийлж, цахим сүлжээнийхэнтэй ойр дотно нөхөрлөж, нам, улс төрийн бодлогоо тайлбарлан таниулж, сонгуулийн ажилдаа ашиглах шаардлагатай байна.

4. УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаа намын гишүүд намынхаа бодлогыг бүрэн дүүрэн дэмжиж, хэрэв сонгуульд нэгэнт нэр дэвшиж чадаагүй бол журмын нөхрөө дэмжиж ажиллах нь манай намын ёс зүйн зарчим юм.

Нэр дэвших эсэхийг шийдэхдээ хэн нэгний танил, албан тушаалын зиндаа, намд хэчнээн жил байсан эсэхээс илүү мэдлэг чадвар, нийгэмд танигдсан байдал, улс төрийн эр зориг, улс төрийн ачаа даах ноён нуруу, улс төр болон ёс суртахууны хариуцлагыг нэн тэргүүнд тавих ёстой. Ингэхдээ чухам хэн нэр дэвшихийг намын анхан шатны байгууллага, гишүүдийн санал, судалгааны дүнг харгалзан шийдвэрлэх болно.

5. Сонгуульд нэр дэвшигчийн имиджийг бүрдүүлэх, намын бодлого, хөтөлбөрийг олон түмэнд ойлгуулан сурталчлах асуудлаар үзэл суртлын давшилт хийж, ухуулга сурталчилгааны ажлын орчин цагийн шинэлэг арга хэлбэрийг ончтой ашиглах шаардлага тавигдаж байна.

Энэ ажлыг чиглэсэн зорилготой, системтэй, төлөвлөгөөтэй тасралтгүй зохион байгуулах нь зүйтэй юм. МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонины талаар намын үндсэн дүрмээр зохицуулагдсан үүргийг намын бүх сонгуультнууд даган мөрдөж, захиалгыг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулахад ч онцгой анхаарвал зохино.

6. Намын дэргэдэх болон дэмжигч төрийн бус байгууллагууд бүтэц зохион байгуулалтаа чамбайруулж, эв нэгдлээ бөхлөн сонгуульд хэрхэн ажиллах талаар ажил хэрэгч санал санаачилга гаргаж, хөтөлбөр, төлөвлөгөө боловсрууланидэвх чармайлттай ажиллах хэрэгтэй байна. Сонгуулийн ялалтын төлөө бүгдээрээ хичээнгүйлэн зүтгэх зайлшгүй шаардлага байгааг Та бүхэн мэдэж байгаа.

7. МАХН-тай нэгдэх, эвсэж ажиллах тухайд дээр би дурдсан. Гэхдээ дунд, доод шатны түвшинд хоёр намынгишүүдхамтран ажиллах талаар санаачилгатай байх нь зүйтэй.

Хэрэв хамтарч ажиллахад хүрвэл намуудын удирдлагууд асуудалд хувийн болон намын явцуу сонирхлын үүднээс биш, нийт ард түмний эрх ашгийг эрхэмлэх үүднээс хандаж шийдвэрлэх болно.

8. Сонгуулийн кампанит ажил эхлэхийн өмнөхөн Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 95 жилийн түүхт ойг тэмдэглэнэ.

Монгол Ардын Намын туулж өнгөрүүлсэн 95 жилийн түүхэн замнал бол Монгол орныг хоцрогдсон буурай байдлаас орчин цагийн соёл иргэншилд түүчээлэн авчирсан их үйлсийн илэрхийлэл, Монголын ард түмний түүхэнд зүй ёсоор тэмдэглэгдэх их ойн баяр юм.

Иймд түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулж, Монголын ард түмний олсон амжилтыг түүхэн үнэний үүднээс сурталчлах далайцтай ажил зохион байгуулах нь зүйтэй.

 

 

Эрхэм журмын нөхөд өө!

 

Ирэх онд болох УИХ-ын сонгууль бол улс орныхоо унаж доройтсон эдийн засгийг дахин сэргээх, тусгаар тогтнолоо батжуулан хамгаалах, ардчиллын мөн чанарыг гуйвуулан ардчиллыг эрх мэдэлд оршин тогтнох систем, хөрөнгөжин баяжих хэрэгсэл болгон ашиглан завшиж байгаа дүр эсгэгч нараас ардчиллаа аварч, зөв гольдролд нь оруулах, улсынхаа хөгжил дэвшлийг чанарын шинэ түвшинд гаргахад онцгой хариуцлага хүлээх төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох сонгууль болно.

Та бид ялалтын түүхийг ХАМТДАА бүтээж, ялалтын үр шимийг ард иргэдтэйгээ ХАМТДАА хүртэж, Улс Монголоо уруудан доройтохоос аварч чадна. Энэ бол Монгол Ардын Намын түүхэн үүрэг гэдгийг онцгойлон ухаарч, ялалтын төлөө ХАМТДАА зүтгэцгээе.

Та бүхэнд ирж буй шинэ оны мэнд хүргэж, төрийн үйлс төгөлдөр, түмэн олон амгалан нигууртай байхын ерөөл дэвшүүлье!

Анхаарал тавьсанд баярлалаа.