Иргэдийг орон сууцжуулах үүднээс найман хувийн зээлд хамруулсан бөгөөд мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хийж байгаа ч газаргүй, байрны урьдчилгаа мөнгөгүй иргэд орхигдсоор байгаа билээ.

Тодруулбал өнгөрсөн оны байдлаар 22.9 мянган өрх бусдын орон сууцыг түрээслэн амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээр өрхийг өөрийн гэсэн байртай болох боломжтой болтол хямд үнэтэй түрээсийн орон сууцаар хангах ажлын эхлэлийг тавихаар өнгөрсөн зун Засгийн газраас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан бөгөөд эхний ээлжийн 132 айлын орон сууцыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна гэж байсан юм. Гэвч уг ажил, хөрсөн дээр бууж ажил хэрэг болоогүй хүлээлт үүсгэсээр байгаа.

Харин 900 гаруй орон сууцыг уг хөтөлбөрт хамруулах боломжтой гэж салбарын яамнаас өчигдөр мэдээлж байна. Харин үүний 350 орчим нь Улаанбаатарт бусад нь хөдөө орон нутагт байгаа ажээ. Өөрөөр хэлбэл шинээр орн сууц барьж чадахгүй болсон ч ТОСК-ийн Буянт-Ухаа зэрэг бэлэн хорооллын зарим байрыг түрээсийн хэлбэрт шилжүүлж болохоор болсон ажээ. Харин түрээсийн байранд амьдруулах иргэдийг сонгохдоо хүүхдийн мөнгөний нэгэн адил 1-17 бүлэгт багтсан айл өрхүүдийг сонгох юм байна. Мөн тухайн өрх түрээсийн төлбөр төлөх боломжтой бөгөөд тодорхой орлоготой байх ёстой ажээ. “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т хамрагдах боломжтой айлуудад нэгээс хоёр өрөө байр түрээслүүлэх бөгөөд байрны түрээсийн үнийг нэг сарын 200-300 мянган төгрөг байхаар тооцож байгаа юм байна.Тэгэхээр ТОСК-иас албан ёсны журам гарчих юм бол уг хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлж болно гэж албаныхан мэдээлж байгаа юм. Харин ТОСК хэзээ хөтөлбөр батлах эсэх нь тодорхойгүй байна.

Аавын гэрээс өрх тусгаарлаж чадахгүй байгаа залуу хосууд болон орон гэргүй өрх толгойлсон эхчүүд, багахан орлогтой залуу гэр бүл зэрэг хуримтлал үүсгэж амжаагүй өрхүүдийг төрөөс ийнхүү дэмжихээр болсон нь сайшааалтай. Харин яг хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг тодорхой зүйлийг тэд хэлж чадахгүй байна. УИХ-ын ээлжилт сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд ядарсан иргэдийн магнайг тэнийлгэх зүйл нэлээдгүй сонсогдож байгаа ч хөрсөн дээр буусан нь ховор. Тэгэхээр түрээсийн орон сууц хөтөлбөрийг сонгогчдоос санал авах өдрийг тулган хэрэгжүүлж, тэднээс оноо авахаар төлөвлөсөн байж ч болох юм. Эсвэл зүгээр л Засгийн газрын шоу байв уу. Тэгэхээр Шийдлийн засгийн газар түрээсийн орон сууц ашиглалтад оруулж чадахааргүй болсон ч түүнийг орлох орон сууц гаргаж өгөн, ядарсан иргэдийг чин сэтгэлээсээ дэмжих нь үү гэдгийг иргэд харах л үлдэж байгаа юм. Одоогоор уг ажлаа хэзээ хэрэгжихийг таашгүй байна.

Н.Чимэг