Сонгуулийн амлалтаараа хавтгайруулсан халамж өгч мөнгө цацсан нь өдгөө асуудал үүсгэж төсвөө хэмнэх хэрэгтэй юм байна гэдгийг гэнэт ухаарсан нөхдүүд айлын хүүхдийг алагчилсан тогтоол гаргаад авлаа. Тодруулбал, хүүхдийн мөнгө буюу 20 мянган төгрөгийг зарим айлын хүүхдүүдэд өгөхгүй байхаар 2016 оны улсын төсвийг батлахдаа гаргачихсан.

Үүнээс нь болж нийгэм хоёр хуваагдаж, иргэдийг бухимдуулаад байгаа юм. Учир юу гэхээр мөнгө олгохдоо Монгол Улсын өрхийн нэгдсэн сангийн 1-17 бүлэгт багтсан айл өрхийн хүүхдэд олгохоор болсон. Гэтэл иргэдийн дийлэнх нь энэ 1-17 бүлэгт ямар айл багтаж байгааг мэдэхгүй байна. Мөн өөрсдийгөө аль бүлэгт хамрагдаж байгаа эсэхийг заавал дүүргийнхээ нийгмийн халамж дээрээ өөрийн биеэр очиж, шалгуулж байгаа нь асуудал үүсгэж дагуулав. Манай улсын ихэнхи хувь нь цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа тэгээд ажлаа тасалвал мэдээж цалин хасдаг зарчимтай. Ингэхээр хүүхдийнхээ мөнгийг хөөцөлдөөд асуугаад явах цаг хомс энэ үед төрийн үйлчилгээний газрууд төгс цахимжих хэрэгтэй байгаа нь харагдлаа. Яагаад тухайн хүний талаарх мэдээллийг цахимаар өгч болохгүй гэж эсвэл нэр, холбогдох бичиг баримтын дугаарын асуугаад утсаар хэддүгээр бүлэгт багтаж буйгаа мэдэж болмоор санагдах юм.

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын Хүн амын хөгжил, нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга М.Лхагвасүрэн "Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлохдоо тухайн өрх хэдэн төгрөгийн орлого олдог талаар огт асуугаагүй. Учир нь Монгол Улсад орлогоор нь амьжиргааг нь үнэлэх боломжгүй. Худалдаа үйлчилгээний салбарт болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн орлогыг тодорхойлж чадахгүй. Дээрээс нь хувийн компаниуд татварын орлогоо 100 хувь мэдүүлэхгүй байгаагаас далд эдийн засгаар орлого олж байна. Судалгаанд тухайн хүн хөдөлмөр эрхэлдэг эсэх, боловсролын түвшин, хашаа байшин болон орон сууцны зээлд хамрагдсан зэргийг асуусан.

Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг яг тухайн өрхөд амьжиргаанд нь нөлөөлхүйцээр өөрчлөлт авчирдаг тэр үзүүлтийг сонгож аван Үндэсний статистикийн хорооны дарга, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар аргачлалыг баталсан. Аргачлал нь гурван үзүүлттэй дотроо 50 гаруй асуулттай, асуулт дотроо 100 гаруй дэд үзүүлэлттэй судалгааг 2013 онд авсан" хэмээсэн. Үүнээс хойш хүүхдийн мөнгө авах айлын тоо нэмэгдэж эсвэл хасагдсан байхыг үгүйсгэхгүй. Мөнгө авах бүлэгт хамаарч байгаа иргэдээ яах болж байна гэсэн асуултад, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваа "2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Одоогоор нэг сая 30 орчим мянган хүүхэд 20 мянган төгрөг авч байна.

Тиймээс иргэдэд аль болох түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилж, хүүхдийнхээ мөнгийг тасралтгүй авах боломжийг бүрдүүлэхийн тулд өндөр хүчин чадлаар ажиллаж байна. Учир нь ирэх сарын 20 гэхэд хүүхдийн мөнгө буух ёстой. Тэгэхээр тасалдал үүсгэхгүйн тулд өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг баталгаажуулах болно. Өөрөөр хэлбэл, тус санд байгаа мэдээллээ шинээр тодорхойлуулж. үнэлүүлэхийг хүсч байгаа бол харьяа хороондоо хандах хэрэгтэй. Түүнчлэн 2013 оноос хойш төрсөн хүүхдийнхээ мэдээллийг өрхийн мэдээллийн нэгдсэн сандаа бүртгүүлэх шаардлагатай. Нэг зүйлийг тодруулах хэрэгтэй. Хэрэв хүн өөрөө хүсвэл өрхийн мэдээллийн нэгдсэн сангийнхаа мэдээллийг шалгаж, дахин өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж болно. Энэ нь нэг удаа хийгээд өнгөрөх ажил биш" гэлээ.

Одоогийн байдлаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд 660 мянган өрхийн 781 орчим мянган хүүхэд бүртгэлтэй байгаа аж. Үүнээс 601 мянга нь 1-17 дугаар бүлэгт багтаж буй учраас ямар нэг асуудал үүсэхгүй шууд мөнгө олгогдохоор бүртгэгджээ.

Мөн 2013 оноос хойш төрсөн хүүхдүүдийн мэдээллийг хүмүүст чирэгдэл учруулахгүй байх үүднээс тухайн өрхийн мэдээллийн санд автоматаар оруулахаар ажиллаж байгаа юм байна.

Ийнхүү төсөв хэмнэлтэд 40 тэрбум төгрөг хэмнэгдэн, улсын төсөвт орох гэнэ. Хуучин авч байсан хүүхүүдээс 140-150 мянган хүүхэд cap бүр олгодог 20 мянган төгрөгийг авахгүй ажээ.