Нийслэл энэ онд “ногоон” худалдан авалт хийнэ
2016/01/21
"Улаанбаатар худалдан авалт-2016" бизнес чуулга уулзалт өчигдөр болж энэ жил нийслэлд 426.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулт хийх талаараа танилцуулсан юм. Харин харьяа байгууллага, дүүрэг, иргэдээс 847 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийх 530 санал ирүүлжээ.
Үүнээс 203.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 80 орчим төслийг нийслэлд хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн 2016 онд Европын хөрөнгө оруулалтын банкнаас Монголд анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр Улаанбаатарт 24.8 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Энэ зээлийг Эмээлт-Аргалантын аж үйлдвэрийн шинэ парк, 30 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжид зарцуулахаар төлөвлөж буйг чуулганы үеэр дуулгав. Үүнээс гадна хог боловсруулах төслийг ч эхлүүлэх аж.
2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөгөөр 18-20 тэрбум ам.доллар шаардлагатай.
Нийслэл энэ онд "ногоон" худалдан авалт хийхээр болжээ. Нийслэлийн зүгээс хувийн хэвшлийнхний санал болгож буй төсөл нь орчин үеийн, дэвшилтэт, шилдэг шийдэлтэй байх, хүрээлэн буй орчинд ээлтэй, эрчим хүчний бага зарцуулалттай “ногоон технологи” байх зарчмыг баримтлах юм байна. Энэ хүрээнд ямар худалдан авалт хийх талаар мэдээлсний дараа хувийн хэвшил, бизнес эрхлэгчид төсөл, технологио танилцуулах ажээ. Ингээд танилцуулсан төслийг ямар байдлаар хэрэгжүүлэх боломжтой, эдийн засгийн үр өгөөжтэй эсэх, нийгмийн үр нөлөө гэх зарчмаар эрэмбэлнэ. Үүний дараа нийслэлд үр өгөөжтэй төсөл дээр төр, хувийн хэвшлийнхэн хамтран ажиллах юм.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөгөөр 18-20 тэрбум ам.доллар шаардлагатай. Энэ хөрөнгийг хувийн хэвшилтэй хамтрахгүй бол нийслэл дангаараа бүрдүүлэх боломжгүй. Монгол Улс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг л хөгжүүлчихвэл олон улсад “ногоон гэрлээр” гарах боломжтой" гэв. Тэрээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирснаар зөвхөн дотоодын зах зээл бус, олон улсад өрсөлдөхүйц үр дүнтэй төсөл, хөтөлбөр боловсруулах орчин бүрдэнэ хэмээн онцолж байлаа.
Шадивлан, Хуурай мухар, Найрамдал чиглэлийн замыг концесийн гэрээгээр шинэчилнэ
Өнгөрсөн онд нийслэлд концессын гэрээгээр 14 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан. Барилга, зам тээвэр, боловсрол, эрүүл мэндийн салбарт эдгээр төслийг хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл 2016 он гарсан энэ өдрүүдэд дээрх 14 төслийн гурав нь л хэрэгжиж дуусжээ. Тухайлбал, Налайхын бага оврын цэвэрлэх байгууламжийн ажил дууссан. Мөн Түргэн тусламжийн эмнэлгийн пунктын ажил, цаашлаад эмнэлгийн нэг төсөл гээд гурван ажил дуусжээ. Тэгвэл үлдсэн 11 ажил ямар шатандаа явж байгаа талаар Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газраас тодруулбал “2014, 2015 онд батлагдсан 11 ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа. Ямар нэг байдлаар саатсан зүйлгүй, төлөвлөгөөнд заагдсан хугацаандаа ажил үргэлжилж байна” гэх тайлбарыг өгөв.
Тэгвэл 2016 онд нийслэлд концессын гэрээгээр 148 ажлыг хэрэгжүүлэхээр болжээ.
Тэгвэл 2016 онд нийслэлд концессын гэрээгээр 148 ажлыг хэрэгжүүлэхээр болжээ. Ингэхдээ эдгээр ажлын ихэнх нь барих-шилжүүлэх чиглэлийн төсөл юм байна. Өөрөөр хэлбэл, тухайн компани бүтээн байгуулалтыг өөрийн хөрөнгөөр бариад, нийслэлд түрээслүүлж, тодорхой хугацааны дараа нийслэлд шилжүүлнэ гэсэн үг юм. Энэ онд хэрэгжүүлэх 148 төслийн ихэнх нь зам тээвэр, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгын ажил зонхилж байна. Эдгээрийн 102 нь барих-шилжүүлэх чиглэлээр концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болжээ.
Энэ дундаас 26 нь сургууль, цэцэрлэгийн төсөл юм. Харин 44 нь тээвэр, замын төсөл гэж тусгагджээ. Тухайлбал, Шадивлан, Хуурай мухар, Найрамдал зэрэг 44 замыг энэ онд концессын гэрээгээр хувийн хэвшлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн энэ онд концессын гэрээгээр гүйцэтгэх бас нэгэн ажил нь Нарантуул худалдааны төвд барих гүүрийн төсөл юм байна.
Т.Буянаа