Ирэх сонгуульд Баян Өлгий аймагт МАН-аас УИХ-ын гишүүн А.Тлейхан, УИХ-ын гишүүн асан Х.Баделхан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Сауле, тус аймгийн МАН-ын хорооны дарга Х.Солтан нар УИХ-д нэр дэвшихээр зэхэж байгаа аж.

Ардчилсан намын зүгээс УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн А.Бакей болон Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармен, тус аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан нар нэр дэвших албан бус тов ч яригдсан байна.

Ховд аймагт УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нэр дэвших нь бараг тодорхой байгаа. Мөн зарим нэг нэр дэвшигчдийн нэр тодорхойгүй байгаа юм. Ардчилсан намаас болохоор УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хүчтэй өрсөлдөгч Д.Батцогт яригдаж буй аж. Энэ хоёр өөр өөр намаас гарах өрсөлдөгчид боловч нэг айлын хүргэнүүд буюу баз юм. Мөн өмнөх сонгуульд Ховд аймагт бие даан нэр дэвшиж байсан Ш.Адьшаа нэр дэвшиж магадгүй байна.

Харин Увс аймагт МАН-аас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар нэр дэвших хэвээрээ ажээ. Өмнөх сонгуулиар мөнгө тараасан хэрэгт орж, нэлээд будлиан хутгасан хоёр дахин нэр дэших нь ээ. Харин АН-ын зүгээс аймгийн АН-ын дарга, “Тесо” корпорацийн захирал О.Цогтгэрэл нэр дэвших нь бараг тодорхой ажээ. Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн ч мөн эргэлзээгүй нэр дэвшинэ гэж байгаа юм байна. Харин АН-ын дарга асан экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон БСШУ-ы сайд Л.Гантөмөр нар ч тус аймгаас нэр дэвшиж магадгүй аж. Харин бие дааж нэр дэвших хүнээр МУГЖ дуучин С.Жавхлан яригдаж байна.

Говь-Алтай аймагт МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, МАН-ын Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа нар, Ардчилсан намаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, тус аймгийн засаг дарга О.Амгаланбаатар нар яригдаад эхэлжээ. Харин “Макс”-ын Д.Ганбаатар, “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ нар бие дааж нэр дэвших мэдээлэл байна.

Энэ мэтчилэн компанийн эзэд, УИХ-д суугаа муухан нэрт гишүүд, уяач, дуучин, аймгийн Засаг дарга зэрэг хүмүүс дэвшдэг өнгөрөгч сонгуулиудын өнгө төрх л харагдаж байна.

Н.Ганаа